Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болон ШУТИС-иас олон улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад магистр, докторын сургалтад хамрагдан суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж буй судлаач, багш нарын зургаа дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хурал (MIC-2015) ШУТИС-д 2015 оны 08 сарын 19-20-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Энэ удаагийн хурлыг ШУТИС, Солонгос болон Японд суралцаж буй болон төгсөгчдийн холбоо болох MUSTAK, MUSTAJ хамтран “International Conference on Global Science and Technology Convergence” дэд сэдэвтэйгээр зохион байгуулагдлаа.
Тус хурлын үйл ажиллагааг ШУТИС-ийн ректор, профессор Б.Очирбат, Солонгосын Электроник ба холбооны судалгааны хүрээлэн (ETRI)-гийн профессор Ён Ил Ким, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш нар нээж үг хэллээ. Мөн тус хуралд урилгаар оролцсон гадаад, дотоодын судлаач, профессорууд хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцов.
MIC-2015 нь үндсэн салбар хуралдаанаас гадна дөрвөн салбар хуралдаанд хуваагдан хуралдсан ба салбар хуралдаануудыг профессор Хун Жин Ким, Хей Сик Ким, А.Эрдэнэбаатар, Г.Төрмөнх, Б.Сэргэлэн, доктор Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Т.Ууганбаяр нар тус тус удирдан явуулсан.
Тус хуралд Солонгосын Сүн Чун Ханы их сургуулийн проректор Хун Жин Ким, Солонгосын ETRI эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тэргүүлэх инженер Ён Ил Ким, Хятад улсын Бээжингийн шинжлэх ухааны судалгааны институтын профессор Үнэнч, Япон улсын Нагаёо их сургуулийн дэргэд дэхь ШУТИС-ийн хээрийн судалгааны хүрээлэнгийн профессор Косуке Наяамура, Герман улсын Франкфуртын судалгааны хүрээлэнгийн төслийн удирдагч С.Олонбаяр, Голландын Амстердам дахь CWI-ийн инженер, доктор Д.Янжаа, Солонгос улсын Инчеоны үндэсний их сургуулийн профессор Д.Одхүү нар урилгаар Үндсэн салбар хуралдаанд илтгэлээ хэлэлцүүлсэн.
Мөн дөрвөн салбар хуралдаанд БНСУ-ын Чонбук их сургуулийн оюутан Ч.Түвшинбаяр, Кунсан үндэсний их сургуулийн докторант Б.Дорж, Тайваны Цин-хуа их сургуулийн төгсөгч Б.Энхболд, Солонгосын Сөүл их сургуулийн докторант Же Хон Жү, Сео Ён Вон болон ШУТИС-ийн БАС, МХТС, МТС, ХШУС, ҮТС, БУХС, ДТС, ЭХС, ГУУС-ийн нийт 30 профессор, багш нар хүрэлцэн ирж хуралд оролцон өөрсдийн судалгааны ажлын сүүлийн үеийн үр дүнгээр боловсролын удирдлага, хэрэглээний математик, механик, мэдээлэл холбоо, робот, эрчим хүч ба нийгмийн ажил үйлчилгээ гэх мэт чиглэлүүдээр олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Хурлын илтгэлүүдийн эмхэтгэлийг нэгтгэн англи хэл дээр хэвлэн гаргасан байна.

Эдгээр илтгэлүүдээс салбар хуралдаан тус бүр 1 шилдэг илтгэлийг шалгаруулж урамшуулсан юм. Шилдэг илтгэлийг нийт хуралд оролцсогчдын үнэлгээ, хурал даргалагч нарын саналыг үндэслэн тодруулахад ШУТИС-аас 1-р салбар хуралдаанд МХТС-ийн ахлах багш, доктор А.Одгэрэлийн “Minimal Electric Charge Detection Device for Fence Security Systems”, 2-р салбар хуралдаанаас ХШУС-ийн багш, докторант Н.Чимэдцогзолын “Soil Radioactivity of Baganuur сity in Mongolia”, 3-р салбар хуралдаанаас ҮТС-ийн докторант И.Баярбатын “Analysis of molecular genetic diversity in Mongolian sea buckthorn (Hippophae rhamnoides L.) varieties using RAPD method”, 4-р салбар хуралдаанаас БуХС-ийн ахлах багш Д.Наранцацралын “The Acculturation of the Turkish Funerary Arts in Mongolia” илтгэлүүд шалгарч шилдэг илтгэлийн гэрчилгээ ба мөнгөн шагнал гардлаа. Мөн илтгэгч Ж.Мөнхийн “Landsat 8 data interpretation of the Khunguit area” илтгэл тусгай байрын шагнал гардлаа.
Энэхүү хурлыг цаашлаад гадаадын их, дээд сургуульд суралцаж буй ШУТИС-ийн залуу судлаач багш нарыг дэмжих, тэднийг ШУТИС-ийн залуу багш, судлаачидтай танилцуулах, судалгааны мэдээлэл солилцох, цаашид харилцан биенээ дэмжиж хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ болгон өргөжүүлэхээр ажиллах болно. Хурлыг зохион байгуулахад болон залуу судлаач багш нарыг тус хуралд оролцоход бүх талын дэмжлэг үзүүлсэн ШУТИС-ийн ректор, профессор Б.Очирбат болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууддаа хуралд оролцогчдын өмнөөс гүн талархал илэрхийлье. Мөн хурлыг зохион байгуулах ажилд идэвхи зүтгэлтэй оролцсон ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний алба, MUSTAK болон MUSTAJ-ийн гишүүн багш, судлаачиддаа баярласанаа илэрхийлье.
Хуралд идэвхтэй оролцож, судалгааныхаа ажлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн, илтгэлээ ирүүлсэн, нийт оролцогчдод баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА