Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль CDIO санаачлагад нэгдэх ажлыг албан ёсоор эхлүүллээ

      Инженерийн боловсролын шинэчлэлийн шинэ арга технологи болох “CDIO”-ийн 10 дахь удаагийн олон улсын хурал Испани улсын Барселон хотын Каталунягийн Политехникийн Их Сургууль  дээр 2014 оны  06 сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулагдав.

    “CDIO2014” хурал “Инженерийн сургалтын туршлага, амжилтаа харилцан солилцох нь” сэдвийн дор зохиогдсон бөгөөд нийт 26 орны 400 гаруй төлөөлөгч албан ёсоор оролцлоо. Хурлын хүрээнд 26 дэд хэсэгт/session/ нийт 95 илтгэл хэлэлцүүлсэн ба 2 дэд хэсэгт 30 постер илтгэл,  мөн 18 воркшоп, 5 хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

 

     Энэ удаагийн хуралд ШУТИС-ийн сургалт эрхэлсэн проректор Х. Энхжаргал, ҮТДС-ийн дэд захирал Д.Ариунболор, МХТС-ийн профессор Н. Эрдэнэхүү, ХБС-ийн дэд захирал Ц. Энхбаатар нар оролцож бусад улс орнуудад CDIO сургалтын аргыг хэрхэн хэрэгжүүлж байгаа туршлагыг судлаад ирлээ.

   

    Тус хурлын үеэр ШУТИС-ийн сургалт эрхэлсэн проректор Х. ЭнхжаргалCDIO олон улсын сургалтын байгууллагын дэд захирал, Шведийн Чалмерсийн Технологийн их сургуулийн Бүтээгдэхүүн, Бүтээгдэхүүний хөгжлийн тэнхимийн профессор Johan Malmqvist болон Азийн бүс нутгийн CDIO-г хариуцсан захирал, Сингапурын политехникийн боловсролын хөгжлийн захирал хатагтай HelenaLeong нартай уулзаж “CDIO” санаачлагад нэгдэх тухай ШУТИС-ийн ректор Б.Очирбатын хүсэлтийг албан ёсоор гардуулж тус сургууулиас сүүлийн жилүүдэд хийгдэж байгаа ажлын талаар танилцуулж тодорхой санал солилцлоо.

   

     Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамнаас “CDIO” инженерийн сургалтын арга технологийг ШУТИС-д хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу үе шаттай ажлууд хийгдэж ирсэн бөгөөд өмнөх 8, 9 дэх удаагийн хуралд ШУТИС-ийн профессор, багш нар оролцож туршлага судлан ҮТДС-ийн зарим хичээлүүдэд туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн юм.

    Цаашид инженерийн сургалтын CDIO арга технологийг ШУТИС-д эрчимтэй нэвтрүүлэхийн тулд БШУЯ-тай хамтран ажиллах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган үе шаттай ажлууд зохион байгуулж, туршилтын зарим үр дүнгүүдийг 2015 оны 06 сард БНХАУ-ын Чэнду хотод зохион байгуулагдах 11 дэх удаагийн “CDIO2015” олон улсын хуралд хэлэлцүүлснээр албан ёсоор гишүүнээр элсэх боломжтой болно.