“Хүндэт профессор” цол олгов

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Б.Очирбатын 2014 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн А-51 тушаалаар “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн, “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ, “Скайтел” группын гүйцэтгэх захирал Д.Болор нарт тус сургуулийн “Хүндэт профессор” цол олгохоор шийдвэрлэсэн байна. Хүндэт профессор цол олгох ёслолын ажиллагаа 2014 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Ёсололын ажиллагаанд ШУТИС-ийн ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн, “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ, “Скайтел” группын гүйцэтгэх захирал Д.Болор болон тэдний хамт олон гэр бүлийн хүмүүс оролцлоо.

 

Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат үг хэлж, Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш  ректорын тушаал болон товч намтарыг нь уншиж танилцууллаа. Үүний дараа Хүндэт профессорын өмсгөл, дипломыг гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээжийг өргөн барилаа. Хүндэт профессоруудад баяр хүргэж ЭХИС-ийн профессор Ж.Цэен-Ойдов, МХТС-ийн профессор О.Балдангомбо нар үг хэллээ.

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн ШУТИС-ийн “Хүндэт профессор” болов

Б.Цэвээн 1956 онд Увс аймгийн Өмнөговь сумын нутагт төрсөн. 1975 онд Улаангом хотын 1 дүгээр 10 жилийн сургууль, 1981 онд ЗХУ-ын Одесса хотын Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер-механик мэргэжлээр тус тус төгссөн. Техникийн болон удирдахуй ухааны магистр цолтой Монгол Улсын Зөвлөх инженер.

 1981 оноос Дулааны IV цахилгаан станцын Цахилгаан цехийн цахилгаан хөдөлгүүрийн мастер, станцын ээлжийн инженер, Ерөнхий инженерийн ашиглалт эрхэлсэн орлогч, Зуухан цехийн дарга, Ерөнхий инженер, инженерийн албаны дарга, Засвар зохицуулалтын албаны дарга, 2009 оны 2 дугаар сарын 24-ны өдрөөс “ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

ШУТИС-ийн хөгжилд оруулсан хувь нэмрийг дурдвал:

  • “ДЦС-4” ТӨХК нь оюутан суралцагчдын сурах орчин, лабораторийн баазыг бэхжүүлэхэд өөрийн зүгээс санаачилга гарган “Эрчим хүчний системийн туршилт, судалгааны лаборатор”-ийг иж бүрнээр нь тохижуулан ашиглалтанд оруулсан.
  • “ДЦС-4” ТӨХК-иас 2010-2013 оны хооронд эрдэм шинжилгээ, судалгааны гэрээт ажил, төслүүдийг хэрэгжүүлсэн. /139.5 сая төг/
  • ШУТИС-ийн ЭХИС-ийн материаллаг баазыг бэхжүүлэхэд хандив тусламж үзүүлсэн. /13.95сая төг/
  • Багш нарын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, оюутан суралцагчдын дунд мэргэжлийн уралдаан, олимпиад зохиох, сургалтын үйл ажиллагааг дэмжих ажилд хандив тусламжийг байнга үзүүлж иржээ.

Б.Цэвээн нь Монгол улсын эрчим хүчний салбарын болон ШУТИС-ийн ЭХИС-ийн хөгжил дэвшил, материаллаг баазыг бэхжүүлэхэд өөрийн мэргэжил, ур чадвар, санаачилга, оюуны чадавхиа дайчлан бодитой хувь нэмэр оруулсныг үнэлж “Хүндэт профессор”  цол олгожээ.

“Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэ ШУТИС-ийн “Хүндэт профессор” болов

Ж.Бат-Эрдэнэ 1969 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1993 онд ОХУ-ын Новосибирск хотын Технологийн их сургуулийг системийн инженер мэргэжлээр, 2000 онд ХБНГУ-ын Дортмундын Мэдээллийн технологийн институтыг мэдээллийн технологийн зөвлөх, удирдлагын ухааны аргазүйч мэргэжлээр тус тус төгссөн. МХТехнологийн салбарын Монгол Улсын зөвлөх инженер.

1993-2011 он хүртэл мэдээлэл, холбооны салбарт инженер, программист, мэргэжилтэн, газрын дарга зэрэг алба хашиж байгаад 2012 оноос “Монголын Цахилгаан холбоо” ХК-ний гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

ШУТИС-ийн хөгжилд оруулсан хувь нэмрийг дурдвал:

  • БНЭУ-ын Засгийн Газрын тусламжаар нэг сая ам.долларын хөрөнгөөр “Мэдээлийн технологийн мэргэжлийн сургалтын төв”-ийг МХТС-д 2002 онд байгуулахад идэвх санаачилгатай ажилласан.
  • “МЦХ” ХК-ийг МХТС-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж 86 сая төгрөгийн өртөгтэй “Электрон систем”-ийн лаборатори байгуулж хамтран ашиглах болсон.
  • МХТС-ийн Робоконы багийг ивээн тэтгэхэд анхааран ажилладаг бөгөөд 2013-2014 оны хичээлийн жилд 11 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна.
  • “Мэдээлэл, харилцаа холбооны судалгаа, хөгжил”-ийн төвийг МХТС дээр байгуулах санаачилга гаргасан.

“Монгол Улсад хиймэл дагуул хөөргөх” судалгааны ажлын хүрээнд 2012 онд хоёр багшийг Япон улсад 10 хоногийн хугацаатай туршлага судлах бололцоо олгосон хувь нэмрийг үнэлж “Хүндэт профессор” цол олгов.

“Скайтел” группын гүйцэтгэх захирал Д.Болор ШУТИС-ийн “Хүндэт профессор” болов

Д.Болор нь 1958 онд төрсөн. 1983 онд ПДС-ийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар тус тус төгссөн. МХТСалбарын зөвлөх инженер.

Д.Болор нь 1983 оноос Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт жирийн инженерээс компанийн гүйцэтгэх захирал хүртэл ажлуудыг 30 гаруй жил тасралтгүй, үр бүтээлтэй гүйцэтгэж байна.

ШУТИС-ийн хөгжилд оруулсан хувь нэмрийг дурдвал:

  • Олон сувгийн дамжууллын лаборатори/18.3 сая.төг/
  • Утасгүй холбооны системийн лаборатори /280 сая.төг/
  • Интернетийн үйлчилгээний тэнхим 20 компьютер бүхий лаборатори /17.7сая.төг/ 
  • ETRI, ШУТИС-ийн МХТС, Мобиком ХХК-ийн 3 талт гэрээгээр IPTV цөм технологийн салбарын ирээдүйн залгамж халаа ЭША-ыг 30 мянган ам.доллараар санхүүжүүлсэн.
  • МХТС-ийн үндсэн сурах бичиг болох 4 номыг 8.9 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн.
  • МХТС-ийн 2013 оны ЭШХурлыг 3 сая төгрөгийн шагналаар ивээн тэтгэсэн.

МХТС-тай гурван жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээг байгуулж сургалтын бааз, сурах бичиг гаргах болон тухайн сургуулийн оюутнуудыг сургаж дадлагажуулах сургалт семинар зохион байгуулах дадлагын танхимыг тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр хамтран ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж “Хүндэт профессор” цол олгожээ.


ТГ