ЭМГЭНЭЛ

НАНЗАД овогтой ЦЭНД

Монгол улсын  гавьяат багш, эдийн засгийн ухааны доктор, профессор Нанзадын  Цэнд 2014 оны  1-р сарын  3-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Н.Цэнд нь 1934 онд Сүхбаатар аймгийн Хонгор сумын нутагт, Жалгат хэмээх газарт мэндэлжээ. 1947 онд  бага сургууль төгсөж, 13 настайдаа  Онгон сумын бага сургуульдбагшаар томилогдон хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байна. 1950 онд Санхүүгийн техникум төгсөж, улмаар 1958 оноос МУИС-д суралцаж байгаад Эдийн засгийн дээд сургууль байгуулагдсантай холбоотой багшаар бэлтгэгдэх болсон 10 оюутны нэгээр шалгарч Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 1963 онд төгсчээ. 

 1950 оноос  Сангийн яамны Хянан байцаах газарт байцаагчаар, 1963 оноос  МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуульд багшаар томилогдсон ажиллаж, улмаар Политехникийн дээд сургуулийн Инженер-эдийн засгийн факультетэд багш, тэнхимийн эрхлэгч, декан, ТИС-ийн харьяа Инженерийн сургалтын төв сургууль, ШУТИС-ийн харьяа Компьютерийн техник менежментийн сургуулийн захирлаар тус тус  томилогдон ажиллаж байв.

Профессор Н. Цэнд нь Монгол улсын боловсролын салбарт 34 жил тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсны дараа хувийн хэвшлийн Цэцээ гүн менежментийн сургуулийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байлаа.

Ахмад багш Н.Цэнд нь эх орондоо удирдах ажилтан, инженер-эдийн засаг, менежментийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, их дээд сургуульд сургалтын шинэ технологи, шаталсан сургалтын тогтолцоо нэвтрүүлэх, менежментийн шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрбээр 50 гаруй  жил тасралтгүй хөдөлмөрлөхдөө инженер-эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр 4000 гаруй мэргэжилтэн бэлтгэхэд хошуучлан оролцож, оюутан, судлаачдад зориулан  44 ном, сурах бичиг, 100 шахам эрдэм шинжилгээний өгүүлэг, нийтлэг, илтгэл, 40 гаруй сургалт аргазүйн материал, 32 үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ажил, арга зүйн зөвлөмж туурвиж, нийтдээ 520 хэвлэлийн хуудас бүтээлийг сургалт, судалгааны хэрэглэгдэхүүн болгон үлдээсэн юм.

Монгол улсад менежментийн шавь сургуулийг үндэслэгчдийн нэг Н.Цэнд багшийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол улсын гавъяат багш цол болон ойн медалуудаар шагнажээ. 

            Багшийн маань даруу төлөв, ажилсаг, хөдөлмөрч, шударга зан чанар, гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногших болно.

 

Ум сайн амгалан байх болтугай.

­

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрдмийн зөвлөл, удирдлага, хамт олон

Компьютерийн техник менежментийн сургуулийн хамт олон

Үе үеийн шавь нар нь