Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн Монгол Улсын Уул уурхайн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, их сургууль үйлдвэрийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төрөлх сургуулиа хөгжүүлэх үйлст олон жил үр бүтээлтэй ажиллаж байгааг нь үнэлж Шинжлэх ухаан, технологийн их cургуулийн Ректорын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/227 тоот тушаалаар “Хүндэт профессор” цол олгохоор шийдвэрлжээ. Түүнд хүндэт профессор цол олгох ёслол 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон ректорын зөвлөлийн гишүүд, бусад албаны хүмүүс оролцов. Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат үг хэлж, Эрдэм шинжилгээ технологийн проректор Ч.Баасандаш хүндэт профессор олгох ректорын тушаал болон Ц.Даваацэрэнгийн товч намтарыг цугларсан хүмүүст уншиж танилцууллаа.
Үүний дараа Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнд Хүндэт профессорын өмсгөл, дипломыг нь гардуулан өглөө. Мөн хүндэтгэл үзүүлж алд цэнхэр хадаг, мөнгөн аяга, цагаан идээний дээжийг өргөн барьсан.
Ц.Даваацэрэн нь 1986 онд МУИС-ийн ПТД-ийн ГУУФ-ийг Уул уурхайн цахилгаан, механикч мэргэжлээр төгссөн. 1986-1997 онд Бор өндөрийн УБҮ-д засварчин, хангамжийн инженер, засварын цехийн дарга, үйлдвэр эрхэлсэн орлогч захирлаар ажилласан байна. 1997-2001 онд Бэрх-Уул ХК-ийн захирлаар, 2001-2006 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий захирал, 2006-2008 онд Өргөө менежмент ХХК-ийн захирал, 2008-2013 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Уул уурхайн судалгааны хэлтсийн дарга 2013 оноос Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байна.
Ц.Даваацэрэн нь ажиллах хугацаандаа 30 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж Уул уурхайн салбарын онол практикийн бага хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Түүний эрдмийн бүтээл, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн судалгаа шинжилгээний ажил нь шинжлэх ухааны үндэслэлтэй, үйлдвэрлэл практикийн өндөр ач холбогдолтой бөгөөд Монголын уул уурхайн салбар, боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулсан бодит хувь нэмэрийг нь үнэлж ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол олгожээ.
ШУТИС болон Токиогийн их сургууль оюутан солилцох хамтын ажиллагааны эхлэлийг тавилаа
Японы Кумамото их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн эрхлэгч Naoyasu Kita ХШУС-ийн Математикийн тэнхимд зочин профессороор ажиллалаа
“Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний x хуралд амжилттай оролцлоо
“Эмнэлгийн Инженерчлэлийн Ирээдүй” сэдэвт Улсын Анхдугаар Эрдэм шинжилгээний хурлал боллоо
`БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2025`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа