Газрын тос-2013 хурал амжилттай болж өндөрлөв.

Монголын газрын тосны салбарын ажиллагсадын өдрийг тохиолдуулан жилдээ ганцхан удаа тохиож, энэ салбарын  тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, судалгаа шинжилгээний ажлын үр дүн, шинэ мэдээ, мэдээллийг хэлэлцдэг хурлын энэ оны ээлжит “Газрын тос-2013хурал 2013-5-24-нд амжилттай болж өндөрлөв.

1995оноос эдүү хүртэл 19дэх удаагаа зохиогдож байгаа онол-практикийн энэ хурлыг ШУТИС-ийн Геологи, Газрын тосны сургуулийн Газрын тосны инженерийн салбар, Монголын Газрын тосны инженерийн нийгэмлэгээс  УУЯ, ГТГ, ШХААЭХ-той хамтран зохион байгуулсан бөгөөд энэ салбарын эрдэмтэд, судлаачид, инженер-техникийн ажилтнууд, багш, оюутнууд, гадаадын зарим эрдэмтэд судлаачид зэрэг нийтдээ 200 гаруй хүн оролцож, давхардсан тоогоор 65 хүний 45 илтгэл хурлын эмхэтгэлд хэвлэгдсэнээс 15 илтгэлийг хэлэлцэж, мэргэжлийн салбарын өнөөгийн түвшин, хийгдсэн судалгааны явц, үр дүн, цаашдын хөгжлийн талаар санал, зөвлөмж дэвшүүлэв.

Энэ жилийн хурлын онцлог нь улс оронд тулгамдаад байгаа дотооддоо газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эрэлт хэрэгцээг тасралтгүй, найдвартай, хямд төсөр хангах боломж, хувилбаруудын талаар мөн түүнчлэн шатдаг занараас бүтээгдэхүүн гаргаж хэрэгцээг хангах боломжийн талаар түлхүү хэлэлцэв. Энэхүү хурлын ач холбогдол, хамарч байгаа хүрээ, цаашид анхааран шийдвэрлэх асуудлуудын талаар Тэргүүлэх профессор Ж.Цэвээнжав илтгэв.

Энэ удаагийн хуралд “Содмонгол групп” ХХК ерөнхий ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар оролцож, шилдэг илтгэлүүдийг шалгаруулан өөрийн нэрэмжит шагналыг гардуулав. Хэлэлцсэн илтгэлүүдээс доктор Б.Болорын тавьж хэлэлцүүлсэн “Тэгш хэмт бус мэдээлэд үндэслэн БХГ сайжруулах судалгаа” тэргүүн байр эзлэж, өргөмжлөл, 500000, ахлах багш, зөвлөх инженер, докторант С.Гантөмөрийн Техногенное изменеие почвы в зоне АЗС г.Улан-батора” илтгэл дэд байрын өргөмжлөл, 300000, манайд ажиллаж байгаа “Петрочайна-Дачин-Тамсаг-Монгол” ХХК-ны мэргэжилтэн Хиан Чэн Когийн “Тамсагийн газрын тосны сав газрын нарийвчилсан судалгаа” илтгэл гутгаар байрын өргөмжлөл, 100000, доктор, дэд профессор, ШУТИС-ийн ГТИС-ын салбарын Зөвлөх профессор, МГТИН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын газрын тосны анхны инженер Ц.Багмидын “Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн сонголт”, ШУТИС-ийн ГГТС-ийн ГТИС-ийн шавь, магистр, докторант Л.Чимэддоржийн “Хийн түлшний эх үүсвэр, нийлүүлэлт, хангамжийн судалгаа”сэдэвт илтгэлүүд тусгай байр эзлэж, өргөмжлөл, тус бүр 50000 төгрөгийн мөнгөн шагналыг тус тус хүртэв.

Хуралд АНУ-ын дэлхийд нэр хүндтэй “Genie Oil” группын монгол дахь “Жение Ойл” ХХК-ны ерөнхий геологич, доктор, профессор Ювал Бартов, доктор Б.Эрдэнэцогт нарын “Монголын шатдаг занарын судалгаа” нарын танилцуулга хийсэн нь ихээхэн сонирхолтой байв. Хуралд мөн АНУ-ын “Quintana Capital“ группын монголын салбар “Күнтина Минералс Монголиа” ХХК-ны захирал Давид Рохан, мэргэжилтнүүд оролцож, БНСУ-ын Ёнсейн Их сургуулийн профессор Жин Воок Ким, ШУТИС-ийн ГГТС-ийн ГТИС-ийн багш, докторант Б.Наранцэцэг, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Газрын тосны химийн хүрээлэнгийн А.В.Восмерков зэрэг эрдэмтдийн манай хүмүүстэй хамтран бэлтгэсэн олон сонирхолтой илтгэлүүд хурлын номонд оров.

Уг  хурал дээр дэлхий нийтээр жишгээр босоо интеграцчлагласан тогтолцоотой, Газрын тосны (1991), Газрын тосны бүтээгдэхүүний (2006) тухай 2 ч хуультай болсон болсон манай газрын тосны салбарын дээших (газрын тосны хайгуул-олборлолт) болон дооших (газрын тосны бүтээгдэхүүний хангамж-нийлүүлэлт) урсгалын асуудлуудыг бүхэлд нь хамран хэлэлцдэг, ерөнхий асуудлыг хамрах тэргүүн өгүүлэл, газрын тосны хайгуул-судалгаа, өрөмдлөг-олборлолт, боловсруулалт, газрын тосны бүтээгдэхүүний хангамж-нийлүүлэлт, барилга-байгууламж, хийн түлшнийхангамж-дамжуулалт, түүгээр ч зогсохгүй энэ салбарын эдийн засаг-менежмент, эрх зүй-экологи, сургалт-судалгаа-сурталчилгааны зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж, бүтээлийн нэгдсэн эмхэтгэлд энэ чиглэлүүдээр олон бүлэг хэсэг материалуудыг системчлэн хэвлэж, мэдээлдэгээрээ онцлогтой, ач холбогдолтой бөгөөд цаашдаа ч нэг хэсэг хугацаанд ийм байж, хэтийн ирээдүйдээ нэгдсэн зохион байгуулалтаар, гэхдээ мэргэшлийн дагуу секц секцээр хуралдаж, илтгэлүүдийг нэгтгэн бүтээлийн нэг эмхэтгэл гаргасаар байх нь мэдээлэл, мэдлэгийг нэг дороос авахад чухал ач холбогдолтой байх болно.

Цаашид хуралд хэлэлцэх илтгэлүүдийн агуулга, чанар, ач холбогдлыг улам сайжруулах, судалгааны онол-арга зүйн өндөр түвшний илтгэл материалыг урьдчилан шалгаруулж, хэвлэн нийтлэж байх, мэргэжлийн салбарын 5 жил дутмын тэгш тоот ойн үеэр болох хурлыг олон улсын хэмжээнд, мөн түүнчлэн  мэргэжлийн байгууллагуудын тэгш ойд тухайн жилийн хурлыг зориулан зохион байгуулж байх, хурлын зохион байгуулалт, илтгэлүүдийн эмхэтгэлийг хэвлэн нийтлэх, түгээх ажлын зардал, санхүүжилтыг газрын тосны байгууллагууд ээлж дараалан ивээн тэтгэх, хурлын оролцоо, илтгэл хэвлүүлэх асуудлыг төлбөртэй болгох зэрэг арга замаар баталгаатай, найдвартай болгох, мэргэжлийн байгууллага, хүмүүст хурлын мэдээлэл, бүтээлийн эмхэтгэлийг нэг талаас зохион байгуулагчдын зүгээс хэвлэмэл болон цахим хэлбэрээр баталгаатай хүргүүлэх, нөгөө талаас мэргэжлийн байгууллага, хүмүүс энэ материалыг ашиглах, ажиллагсаддаа хүртээмжтэй болгох, данслах, товъёоглон хадгалах, ашиглах асуудлыг хариуцах, хурлын товыг өмнөх хурал дээр зарлаж, илтгэл, өгүүллийг эртнээс бэлтгэж, хурал эхлэхээс 1 сараас багагүй хугацааны өмнө зохион байгуулагчдад ирүүлдэг болгон хэвшүүлэх зэрэг асуудлыг тогтож, хурлаас гарсан санал зөвлөмжүүд, судалганы үр дүнг анхааран үзэж, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх талаар төр засгийн байгууллагууд, нэн ялангуяа энэ чиглэлийн үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэгч Газрын тосны газарт дэвшүүлэхээр тогтов. Ийнхүү энэ удаагийн хурлын ажиллагаа амжилтай болон өндөрлөж, ирэх 2014 онд энэ хурлыг 2014-5-23, улмаар 2015 онд 2015-5-22-нд тус тус хийхээр товлов.

 

 

Хуралд оролцогчид...

ШУТИС-ийн Газрын тосны анхны инженерүүд багш нарын хамт.

 

 “Газрын тос-2013 хурлын илтгэлүүдийн эмхэтгэл (бүтээлийн дугаар №19)