ШУТИС-ИЙН ХАРЬЯА ХҮНСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

            ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалтыг ШУТИС-ийн ректорын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/342 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирлыг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.

Нэг. Харьяа хүрээлэнгийн захирлын албан тушаалд нэр дэвшигчид тавих шаардлага

Харьяа хүрээлэнгийн захирлын албан тушаалд нэр дэвшигч нь дараах шалгуур, шаардлагыг хангасан байна.

    1. Доктор (Ph.D) болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй;
    2. Тухайн хүрээлэнгийн сургалт, судалгааны чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн;
    3. Шинжлэх ухаан, боловсролын байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхим, лабораторийн эрхлэгч, түүнтэй дүйцэх шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагын удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан;
    4. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэсэн, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн дадлага, туршлагатай;
    5. Гадаадын их сургуульд зочин профессороор ажилласан, гадаадын их сургуультай хамтарсан төсөл хөтөлбөрийн багт үндсэн гишүүнээр ажилласан, удирдсан туршлагатай бол давуу тал болно.

Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг, шалгаруулалтад оролцох хүсэлт хүлээн авах, бүртгэх

    1. Төрийн албан хаагчийн анкет, зурагтай (Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолоор баталсан анкет);
    2. Иргэний үнэмлэхийн хуулбар (Е-mongolia системээс лавлагаа авч болно);
    3. Боловсролын түвшин, эрдмийн зэрэг, цолыг тодорхойлсон баримт бичиг (хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах)-ийн хуулбар;
    4. Ажлын туршлагын шаардлагыг хангасан тухай нотлох баримт (нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр г.м.)-ийн хуулбар, лавлагаа;
    5. Бүтээлийн жагсаалт;
    6. ШУТИС-ийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөтэй уялдуулан харьяа хүрээлэнг хөгжүүлэх мөрийн хөтөлбөртэй байна. Хөтөлбөрийг 3 жилээр дараах агуулгатай боловсруулна. Үүнд:
      1. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “ШУТИС-2030 стратеги төлөвлөгөө”-ний стратегийн үндсэн зорилт, чиглэлийн хүрээнд тухайн хүрээлэнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
      2. Тухайн хүрээлэнгийн орлогыг нэмэгдүүлэх, санхүүгийн үр дүнг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлэх ажил, тэдгээрийн хүлээгдэж буй үр дүн
      3. Тухайн хүрээлэнгийн хөгжлийг хангахад чиглэсэн өөрийн санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, төсөл, хөтөлбөр;

Тайлбар: Бүрдүүлсэн баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна.

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

    1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн бүрдүүлсэн материалаа цаасан хэлбэрээр, А4 хэмжээний дугтуйнд хийж битүүмжлэн, зарласан хугацаанд ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 211 тоот (Захиргааны удирдлагын газар) өрөөнд өөрийн биеэр хүлээлгэн өгнө. Хугацаа хожимдсон материалыг хүлээн авахгүй.
    2. Захиргааны удирдлагын газар зарласан хугацаа дуусахад нэр дэвшигчийн бүртгэл үйлдэж, сонгон шалгаруулалтын материалын битүүмжилсэн дугтуйг задлахгүйгээр сонгон шалгаруулалтын комисст хүлээлгэн өгнө.
    3. Хүлээн авах хугацаа: 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11.00 цагаас 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл.
    4. Холбоо барих утас: 322393 (Ажлын цагаар)

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ