БЗС-ийн буцалтгүй тусламжид 2025-2026 оны хичээлийн жилд анх удаа хамрагдах ШУТИС-ийн суралцагчдын анхааралд

Суралцагчид буцалтгүй тусламж   олгох харилцааг  Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар зохицуулна. Зорилтот бүлгийн суралцагчид буцалтгүй тусламж олгоно.

Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг авах суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Монгол улсын иргэн байх;
  2. тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн  чиглэлийн үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч байх; (хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид тэргүүлэх, эрэлттэй мэргэжил гэсэн заалт хамаарахгүй)
  3. боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх;
  4. магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр (хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид энэ заалт хамаарахгүй), эсхүл сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний “сургалт” хэсэгт 50-аас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллага (ШУТИС энэ шаардлагыг хангасан)-д суралцдаг байх;
  5. дэд бакалавр, бакалавр, магистр, докторын (Хөгжлийн бэрхшээлтэйгээс бусад зорилтот бүлгийн суралцагчид дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт суралцахад  буцалтгүй тусламж олгоно.) хөтөлбөрт анхлан суралцагч байх;
  6. суралцагч зээл авснаас бусад тохиолдолд Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр суралцаагүй байх;
  7. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу “өрийн мэдээллийн сан”-д зээлийн үлдэгдэлгүй байх (сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцагчид хамаарах заалт)

 

Зорилтот бүлэгт дараах суралцагч хамаарна. Үүнд:

  • бүтэн өнчин (дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт) суралцагч;
  • нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй  өрхийн хагас өнчин (дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт)  суралцагч;
  • хөгжлийн бэрхшээлтэй (дэд бакалавр, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт) суралцагч (хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид сургалтын төлбөр, орон нутгийн харьяалалтай хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид дотуур байрны зардал олгоно);
  • эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн (дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт) нэг суралцагч;
  • хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн (дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт)  нэг суралцагч;
  • цаатан, тува, урианхай үндэстний өрхийн (дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт) нэг суралцагч;
  • нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр зэрэг суралцаж байгаа бол нэг суралцагч.

Буцалтгүй тусламжид хамрагдах суралцагч дараах баримт бичгийг бүрдүүлж, бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн сургалтын  албанд 2025 оны 8 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 05-ны (ажлын) өдрүүдэд өгнө.

Баримт бичгийг сургалтын албаны ажилтан хянах ба шалгуур хангасан суралцагчтай  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/301 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтаар батлагдсан “Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид буцалтгүй тусламж олгох гэрээ”  байгуулна.

Бүрдүүлэх баримт бичиг

I. Хичээл сонголт 2 хийхийн өмнө:

  1. Хүсэлт (батлагдсан маягтын дагуу, өргөдөл хэсэгт оюутан өөрийн болон эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг нэмж бичнэ );
  2. Иргэний үнэмлэх, эсхүл лавлагаа (суралцагч, эцэг эх, асран хамгаалагч);
  3. Дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэгч бол элсэлтийн шалгалтын батламжийн хуулбар, техникийн боловсролын сургалтын байгууллагын төгсөгч бол  дипломын хуулбар;
  4. Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн хуудас (голч дүн 2.0 буюу түүнээс дээш байх);
  5. Зорилтот бүлгийн суралцагч болохыг тодорхойлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт.

Үүнд:

  • Бүтэн өнчин суралцагч бол эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, эсхүл лавлагаа;
  • Нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин суралцагч бол эцэг, эсхүл эхийн нас баралтын гэрчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй гишүүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50 болон түүнээс дээш, хугацаагүй олгогдсон, эсхүл хүчин төгөлдөр хугацаатай байх);
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50 болон түүнээс дээш, хугацаагүй олгогдсон, эсхүл хүчин төгөлдөр хугацаатай байх);
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн суралцагч бол эцэг, эхийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (тус бүрийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50 болон түүнээс дээш байх, хугацаагүй олгогдсон, эсхүл хүчин төгөлдөр хугацаатай байх);
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч бол хөгжлийн бэрхшээлтэй гишүүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 70 болон түүнээс дээш байх, хугацаагүй олгогдсон, эсхүл хүчин төгөлдөр хугацаатай байх);
  • Цаатан, тува, урианхай үндэстний өрхийн нэг суралцагч бол холбогдох нотлох баримт;
  • Нэг гэр бүлийн 3 ба түүнээс дээш хүүхэд бакалаврын үндсэн хөтөлбөрөөр зэрэг суралцаж байгаа бол суралцагч тус бүрийн иргэний үнэмлэхийн хуулбар, эсвэл лавлагаа, суралцаж буй тухай сургуулийн тодорхойлолт.

II. Хичээл сонголт-2 хийсний дараа:      

  1. Тухайн улиралд судлах хичээлийг баталгаажуулсан тодорхойлолт;
  2. Сургалтын төлбөрийн нэхэмжлэл.