Шим тэжээл судлалын төв Увс аймагт ажиллаа

ШУТИС-ийн ҮТС-ийн харъяа Шим Тэжээл Судлалын төв Увс аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны газар болон Улаангом коллежийн урилгаар тус аймагт 2022 оны 5 сарын 04-08-ны өдрүүдэд БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллагатай хамтран хоол шим тэжээлийн сургалт семинарыг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Мөн Увс аймгийн Улаангом болон Тариалан сумын 5-р багийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, зарим сургууль цэцэрлэгийн гал тогооны зөв зохион байгуулалтыг хийхэд мэргэжлийн зөвлөгөөг өгөв.

Увс аймгийн Улаангом коллежтой хамтран хоёр өдрийн сургалт зохион байгуулсан ба эхний өдөр тус коллежийн нийт 85 багш, ажилчдад “Зохистой хоол, эрүүл мэнд” сэдэвт сургалт семинар явуулж, эрүүл мэндийн боловсрол олгох 8 төрлийн гарын авлага бусад материалууд тараалаа. Сургалтын үйл ажиллагаанд Улаангом коллежийн захирал Д.Баттогтох, дэд захирал Д.Өнөрхүү, “WITH” ТББ-ыг төлөөлөгч Ким Сон Ми, Шим Тэжээл судлалын төвийн захирал С.Баянжаргал нар болон бусад төлөөлөл оролцлоо.

2022-2023 оны хичээлийн жилд тус коллежийн дэргэд шинээр ашиглалтад орох оюутнуудын дотуур байрны хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах бэлтгэл ажил болгон хоол үйлдвэрлэл үйлчилгээтэй холбоо ажилладаг багш нар, дотуур байрны тогооч ажилчдад “Хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, аюулгүй байдал”, “Өсвөр насны хүүхдийн хоол шим тэжээл” сэдэвт сургалтыг ШТСТөвийн судлаач хоол зүйч Б.Энхзаяа, Ө.Сайнзаяа нар сургалтын хоёр дахь өдөр зохион байгууллаа. Сургалтын дараах үйлдвэрлэлийн дадлагад дотуур байрны хүүхдийн нэг хоногийн хоолны цэсийг улсаас тогтоосон өртөгт тааруулж хийх болон өсвөр насны хүүхдийн өдөрт авах ёстой илчлэг шим тэжээлд тааруулж хийх байдлаар 2 баг болон туршилт хийж үнэ, хэмжээ, шим тэжээл зэргийн хоорондын ялгаа, цаашид тэнцвэртэй хоолоор хүүхдийг хангахад хэрхэн анхаарах тухай ярилцлага өрнүүлэх байдлаар явагдлаа.  

“Зохистой хоол, эрүүл мэнд” сэдэвтэй сургалт

   

“Өсвөр насны хүүхдийн хоол шим тэжээл” сургалт

   

Увс аймгийн Боловсрол Шинжлэх Ухааны газартай хамтран Увс аймгийн бүх сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой ажилладаг эмч, нярав, тогооч нарт чадавхижуулах сургалтыг зохион байгуулж, тогооч нарт гэрчилгээ олгов. Сургалтын үйл ажиллагаанд Увс аймгийн боловсролын газрын дарга А.Болормаа, мэргэжилтэн Д.Алтанцэцэг, “WITH” ТББ-ын төлөөлөгч Шим Тэжээл судлалын төвийн зөвлөх Ким Сон Ми, Шим Тэжээл судлалын төвийн захирал С.Баянжаргал нар болон бусад төлөөлөл оролцлоо.

Сургууль, цэцэрлэгт одоогоор мэргэжлийн хоол зүйч ажиллахгүй байгаа учир хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, аюулгүй байдал, халдвар хяналтыг сайжруулах үүднээс  сургууль, цэцэрлэгийн нийт 26 эмч, нярав нарт “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрүүл ахуй” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Харин тогооч нарт 2 өдөр “Хүүхдийн наснаас хамаарсан хоол шим тэжээл”, “Хоолны цэс төлөвлөлт” сэдэвт хичээл заагдаж, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн дадлага хийлгэсэн ба амжилттай оролцсон сургуулийн 44, цэцэрлэгийн 22 тогоочид гэрчилгээ олгож, хэрэгцээт ном, гарын авлага тараалаа.   

Дадлага хичээлээр хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуйн хяналт, хоол үйлдвэрлэлд зайлшгүй ашиглах шаардлагатай багаж хэрэгсэл, бүртгэл, баримт бичиг зэргийг үзүүлж тайлбарлан 6 баг болгон хувааж 6 өртөөгөөр аялуулсан ба өөрсдийн одоо ажилладаг гал тогоонд үнэлэлт дүгнэлт хийлгэсэн нь сургалтын давуу тал байлаа.

Цэцэрлэгийн тогооч нарын сургалт

   

Сургуулийн тогооч нарын сургалт

   

Сургалтын дадлага хичээл