J-WEL нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг дээд боловсролын хамтын ажиллагааны шинэ гишүүнээр элсүүлэн авлаа
None

Зүүн гар талаас: БСШУС-ын яамны Гадаад харилцааны ажилтан Б. Энхбаяр, ШУТИС-ийн профессор Д. Бадарч, БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг, J-WEL-ийн Гүйцэтгэх захирал доктор Вижай Кумар, J-WEL-ийн Дээд боловсролын асуудал эрхэлсэн захирлын туслах Жулиа Рейнольдс-Куэллар, J-WEL Дээд боловсролын зөвлөх хорооны дарга профессор Жон Бриссон нар MIT дээр гишүүнээр элсэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов.

         Камбридж, Mассачусеттс, 2020 оны 1-р сарын 3-нд ШУТИС нь Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамаар дамжуулан Абдул Латиф Жамелийн Дэлхийн боловсролын лабораторид (J-WEL) дээд боловсролын хамтын ажиллагааны байнгын гишүүнээр элсэв. ШУТИС нь 1959 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол улсын өнцөг булан бүрээс багшлах, ажиллаж бүтээх, суралцахаар ирсэн эрдэмтэн судлаачид, инженерүүд, оюутнуудын гэр орон болсоор ирсэн юм. ШУТИС нь оюутнуудаа шинжлэх ухаан, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулж чадах дэлхийн иргэн болгохын тулд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхийг хичээдэг. J-WEL-ийн хөтөлбөрүүдэд хамрагдаж, J-WEL-ийн дээд боловсролын нийгэмлэгтэй хамтран ажилласнаар ШУТИС энэхүү зорилгод улам бүр өсгөн нэмэгдүүлэх юм.

      J-WEL-ийн гишүүнээр элссэнээр ШУТИС нь бусад 33 сургууль, их дээд сургууль, ашгийн бус байгууллага, төрийн байгууллагууд, компаниудын холбоонд нэгдэж дэлхийн боловсролын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, боловсролын шинэ технологи, үр дүнтэй туршлага, шинээр гарч ирж буй суралцахуйн тухай шинжлэх ухааны ойлголтуудыг судлах боломжтой юм. Дээд боловсролын хамтын ажиллагааны бусад гишүүн орнуудад Мексикийн Ибероамерикийн их сургууль, Урагвайн Технологийн их сургууль болон Өмнөд Солонгосын Кангвоны үндэсний их сургуулиуд багтдаг.
          ШУТИС-ийн төлөөлөгчид саяхан MIT дээр болсон гишүүнээр элсэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцов. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга профессор Д. Бадарч уг ёслолын ажиллагаанд оролцох үеэр хэлсэн үгэндээ ийнхүү дурдав:
          "Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль ирэх 60 жилийн алсын хараагаа томьёолж байгаа энэ цаг үед дэлхийн тэргүүлэх технологийн их сургууль, түүний шинийг бүтээгч J-WEL-тэй хамтран ажиллах нь тэргүүн зэргийн инженерийн боловсрол, дижитал болон нээлттэй боловсролын үүдийг нээж улмаар Их Монгол улсын нутагт дэлхийн түвшний их сургуулийг байгуулахад чухлаар нөлөөлөх нь дамжиггүй.”
         "MIT-ийн нээлттэй сургалтын болон инженерийн боловсролын чиглэлээр мэргэшсэн туршлагын үндсэн дээр бид ШУТИС-тай хамтарч, тэдний 21-р зууны алсын хараагаа тодорхойлоход нь хамтран ажиллана" гэж J-WEL-ийн дээд боловсролын захирлын туслах Жулиа Рейнольдс-Куэллар хэлэв. Мөн тэрээр: "ШУТИС бол бидний хүрээлэлд орж ирж буй үнэхээр гайхалтай сургууль бөгөөд манай баг J-WEL долоо хоног болон цааш цаашдын үйл ажиллагаандаа ШУТИС-ийн удирдлага, багш нартай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна" гэв.

        ШУТИС нь 2020 оны 3-р сард J-WEL-ийн Долоо хоног арга хэмжээнд Дээд боловсролын чиглэлээр төлөөлөгчдөө илгээх бөгөөд энэ арга хэмжээ сургалтын хөтөлбөрийг боловсруулахад чиглэнэ. J-WEL болон J-WEL-ийн Долоо хоногийн хамгийн онцгой үйл явдал бол MIT-ийн багш, судлаачидтай гишүүн байгууллагуудын төлөөллийг нэг доор цуглуулж уулзалт зохион байгуулдаг явдал юм. Семинар, илтгэлүүд болон гар бие оролцсон олон арга хэмжээгээр дамжуулан MIT-ийн оролцогчид боловсролын системийг өөрчлөх, дэлхийн өнцөг булан бүрт ашиглах шийдлүүдийг боловсруулах ажилд гишүүдийн хүчин чармайлтыг дэмжин ажилладаг.

          MIT ба Жамел олон нийттэй харилцах нийгэмлэгийн санаачилгаар J-WEL нь сурган хүмүүжүүлэгчид, технологичид, бодлого боловсруулагчид, нийгмийн манлайлагчид, ажил олгогчид болон ажилчдыг татан оролцуулж MIT болон дэлхийн хэмжээнд боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг. J-WEL нь гишүүн байгууллагууд, сургууль, их дээд сургууль, ТББ, засгийн газрын агентлагууд, компаниудыг оролцуулан онлайн болон хамтын ажиллагаа, семинар, судалгаа, мэдээлэл солилцох арга хэмжээний хүрээнд MIT-ийн багш, ажилчидтай хамтарч дэлхийн хэмжээнд боловсролын өөрчлөлт, боломжуудын бий болгоход хамтран ажилладаг.