“Erasmus+ Regional Seminar for Asia 2019” Азийн бүсийн семинар Непал улсын Катманду хотод боллоо

Непал улсын нийслэл Катманду хотын Radisson зочид буудлын хурлын танхимд “Erasmus+ Regional Seminar for Asia 2019” Азийн бүсийн семинар 2019 оны 09 дүгээр сарын 26-27-ны хооронд болж өндөрлөлөө. Тус семинарт Бангладеш, Бутан, Камбож, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Мальдив, Монгол, Мьянмяр, Непал, Пакистан, Сингапур, Шри-Ланк, Тайланд, Вьетнам зэрэг Азийн 16 улсын 57 төлөөлөгч, Европын холбооны гишүүн орон Австри, Финлянд, Итали болон Европын холбооны 12 төлөөлөгч нийт 69 төлөөлөгч оролцлоо.  Монгол улсаа төлөөлж ШУТИС-ийн ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор Ц.Энхтуул, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн мэргэжилтэн Н.Түмэнжаргал нар оролцлоо.

Семинарын нээлтийн үйл ажиллагааг Непал дахь Европын холбооны суурин төлөөлөгч хатагтай Veronica Cody, Непал улсын Боловсрол, Шинжлэх ухаан, Технологийн яамны сайд ноён Giriraj Mani Pokhrel нар нээж амжилт хүслээ.

Азийн бүсийн энэхүү семинарт Ази, Европын улсуудын хамтын ажилагааны гол хэрэгсэл болох Европын холбооны Erasmus Plus, Erasmus Mundus, Capacity Building for Higher Education, Euraxess, Marie Sklodowska-Curie зэрэг төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа, цаашид хамтран ажиллах, хэрэгжүүлэх төслийн саналын талаар болон дээрх хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлж буй Азийн улс орны төлөөлөгчид өөрсдийн туршлагаа харилцан ярилцаж саналаа солилцлоо.    

Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн тайланд 2015-2019 оны хооронд Монгол улсаас Европын их дээд сургуульд 263 оюутан, судлаачид сурч, ажилласан, 2004-2018 онуудад 7776 Erasmus Mundus тэтгэлэгт хөтөлбөр Азийн улс оронд зарлагдснаас Монгол улс 28 тэтгэлэг хөтөлбөр авсан байна.