“Биоматериал ба эдийн инженерчлэл” олон улсын сургалт болж өндөрлөлөө

Европын холбоо, HORIZON 2020 болон REMIX төслийн хүрээнд БИОМАТЕРИАЛ БА ЭДИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ  нэртэй олон улсын зуны сургалт ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот өрөөнд 2019.09.10-12-ны хооронд явагдаж дууслаа. Сургалтыг REMIX төсөл, Италийн Трентогийн их сургууль, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль хамтран зохион байгууллаа.

“Биоматериал ба эдийн инженерчлэл” Зуны сургалтын гол зорилго бол хүн ба амьтны эд эсийн нөхөн сэргээлтэнд хэрэглэдэг материал болон орлуулагч хиймэл эд (протезис) эрхтэнг үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдийг биологийн гаралтай материалаас гарган авах, боловсруулах орчин үеийн арга, технологи, түүнийг хөгжүүлэх ажиллагааг төлөвлөх талаар ярилцаж, туршлагаа солилцох, хамтран ажиллах, харилцан суралцахад оршиж байна.

 

Зуны сургалтанд Италийн Тренто их сургууль, Португалийн Миньо их сургууль, Австралийн Сиднейн их сургууль, Изриалийн Hebrew их сургууль, Technion технологийн институт, ХБНГУлсын Мартин Лютерийн их сургууль, БНСУ-ын Чонбукийн үндэсний их сургууль, Тайландын Чулаллонкорны их сургууль, Монгол улсын ШУТИС зэрэг 8 улсын их сургууль болон судалгааны лабораторуудаас уригдан ирсэн салбартаа тэргүүлэх 10 гаруй эрдэмтэн  профессорууд молекул дохиолол түүнийг таних, Скаффолдод зориулсан түүхий эд, материал, эдийн инженерчлэлийн хэрэглээ, одоогийн чиг хандлага, ирээдүйн боломжууд зэрэг сэдвүүдээр 3 өдрийн турш лекц уншив. Сургалтанд Монголд улсад суугаа Италийн элчин сайд ноён Andrea De Felip, мөн Монгол дахь Европын холбооны суурин төлөөлөгч, элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Marco Ferri болон ШУТИС-ийн захирал, професор Б.Очирбат болон REMIX төслийн зохицуулагч профессор Claudo Migliaresi нар нээлтийн үг хэлж амжилт хүслээ.  

Энэхүү зуны сургалтанд ШУТИС-ҮТС, МеТС, M-JEED төсөл, МУИС-ШУС, ХШУС, ШУА-ын Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн, ХААИС-Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын 2-р эмнэлэг зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгуулагуудаас биологи, молекул биологи, ген болон эдийн инженерчлэл, механик инженер, материал судлал, эмч, анагаах ухааны чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж байгаа 40 орчим багш, судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнууд болон магистр, доктор оюутнууд идэвхтэй оролцлоо.

Хүн, амьтны хиймэл эд, скаффолд хийхэд ашиглах материалыг байгалийн гаралтай түүхий эдээс тухайлбал ноос, ноолуур, ургамлаас гарган авах, түүнийг боловсруулах шинэ арга технологи бий болгох, цаашилбал эд, эсийн түвшинд судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэхэд асар их ач холбогдолтой, өгөөжтэй, мөн судлаачид харилцан туршлага, санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.

REMIX төслийн удирдагч Трентогийн Их Сургуулийн профессор Антонелла Мотта, төслийн Монгол дахь зохицуулагч Ц. Сарантуяа