ШУТИС-ийн 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлт боллоо

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2019-2020 оны шинэ хичээлийн жилийн нээлт 8 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн задгай талбайд боллоо. Энэ хичээлийн жилд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалтын хөтөлбөрийг 2000 гаруй оюутан залуус сонгон суралцжээ.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,  БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Бадарч, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, холбогдох удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, “ABU ROBOCON 2019 ULAANBAATAR” олон улсын роботын тэмцээний Аваргаар тодорсон Хонконгийн баг тамирчид, тэмцээнд дэд байр эзэлсэн МХТС-ийн “Mongolia-I”, “Mongolia –II” багийн оюутан залуус оролцов.

Нээлтийн үйл ажиллагааны эхэнд “Оюутан цэрэг” сургалтад амжилттай суралцаж “Онц буудагч”, “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин” цол тэмдэгтэй оюутан цэргүүд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн тугийг заллаа.

Нээлтийн ёслолын ажиллагааны үеэр ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг, Япон улсын TUGI SEISAKUSHO компани, FUJI TOSOU KOUGYO компанийн тэтгэлгийг оюутнуудад олгов.  Барилга, архитектурын сургуульд “Архитектур” хөтөлбөрөөр элссэн М.Чинзориг элсэгчдийг төлөөлөн үг хэлж, шинээр элсэн орсон нийт оюутнууд “Оюутны тангараг”-аа өргөж, хичээлийн жилийн анхны хонх дуугарснаар ШУТИС-ийн шинэ хичээлийн жилийн нээлт ёслол төгөлдөр боллоо.

  

Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ШУТИС-ийн багш, ажилтнууд, оюутан сурагчдад шинэ хичээлийн жилийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн бүх салбарын түүхэн хөгжил, улс эх орны бүтээн байгуулалтын үйл хэргийг хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн барилга, эдийн засаг, эрчим хүч, геологи, уул уурхай, тээвэр, холбоо, хөнгөн хүнсний салбарын үе үеийн мянга мянган төгсөгчид, мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж ирснийг дурдан, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын энэ эрин үед Монгол Улсын дээд боловсролын салбарыг улам бэхжүүлж, дэлхийн хэмжээнд хүргэх ажлыг төрийн өмчийн их, дээд сургуулиудаас эхлүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын төр засаг үзэж байна гэдгийг цохон тэмдэглэв.

БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын дээд боловсролын салбарын орчин үеийн өөрчлөлт, шинэчлэлийг ШУТИС манлайлж, их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем, нээлттэй боловсрол сургалтын систем, инженерийн боловсролд олон улсын CDIO стандарт нэвтрүүлэх, байгууллагын болон хөтөлбөрийн олон улсын магадлан итгэмжлэл хийлгэх зэрэг олон шинэчлэлтийн анхлан хийж, сургалтын хөтөлбөрүүдээ шинэчилж, үндсэн сурах бичгүүдээ орчин үеийн стандартын дагуу шинээр хэвлүүлэн, эрдэм шинжилгээ, инновацийн дэд бүтцээ өргөтгөн бэхжүүлж, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Япон улстай хамтарсан 1000 инженерийн буюу ИТДБ төсөл, АХБ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, олон улсын Робокон-2019 тэмцээнд оюутан залуус нь өндөр амжилт үзүүлсэн зэрэг олон сайхан ажлын үр дүнтэйгээр шинэ хичээлийн жилээ угтаж байгаад чин сэтгэлийн халуун баяр хүргэлээ.

Эрхэм профессор, багш, оюутан залуус Та бүхэнд ШУТИС-ийн Захирал Б.Очирбатын нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт профессор багш, оюутан залуучууд, зочид төлөөлөгчид, эцэг эхчүүд та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье!

Өнөөдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2019-2020 оны хичээлийн жилийн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна.

Бидний урилгыг хүлээн авч манай сургуулийн хичээлийн жилийн нээлтийн ёслолд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн Эрхэм хүндэт зочин, УИХ-ын дарга Г.Занданшатар танд болон УИХ-ын гишүүн, БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг танд нийт хамт олныхоо өмнөөс гүн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Бид шинэ хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааны бэлтгэлээ бүрэн хангаж, энэ хичээлийн жилд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төрөл бүрийн сургалтын хөтөлбөрийг 2000 гаруй элсэгч оюутан залуус сонгож инженер технологийн дээд боловсролтой мэргэжилтэн болохоор манай эрдмийн хамт олны эгнээнд баяртайгаар нэгдэн орж ирлээ. Шинээр элсэн суралцаж байгаа оюутан суралцагчиддаа тусгайлан халуун баяр хүргэж, хичээл сурлагын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ШУТИС-ийн хамт олон өнгөрсөн хичээлийн жилд өмнөө тавьсан зорилго зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, 2019 оны 10 сард ёслон тэмдэглэх гэж буй түүхт 60 жилийн ойгоо, хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтах хөдөлгөөн өрнүүлж, багш, ажилтан, оюутан суралцагчид маань дор бүрнээ бахдам сайхан амжилт олсон жил байлаа. Тухайлбал, их сургуулиа судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд судалгаа, инновацийн дэд бүтцээ бүрдүүлэх зорилгоор шинэ 8-р байрыг барьж, ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна. Энэ байранд манай сургуулийн судалгааны тэргүүлэх лабораториуд, гарааны компаниуд, Нээлттэй боловсролын төв, ШУТИС-Коосэн технологийн коллеж, ШУТИС-ийн музей, Олон улсын Эрдэм шинжилгээний хурлын танхим зэрэг олон чухал нэгжүүд үйл ажиллагаагаа явуулах болно.

Манай эрдэмтэн багш нар их сургуулийн үндсэн сурах бичгүүдээ орчин үеийн агуулга, стандартад нийцүүлэн 60 үндсэн сурах бичгийг шинэчлэн хэвлэн гаргалаа. Мөн их сургуулийнхаа нэгэн жарны түүхийг 6 ботиор бүтээж хэвлэлд шилжүүлээд байна.   

ШУТИС үр дүнд суурилсан сургалтын тогтолцоог нэвтрүүлж, CDIO-гийн стандарт, арга зүйг ашиглан инженерийн боловсролын 26 хөтөлбөрийг шинэчлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. “Судалгаанд суурилсан их сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ахисан түвшний инженерийн сургууль байгуулж, судалгааны лабораториудыг төрөлжүүлэх, олон улсын болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх ажлуудыг хийж байна. Мөн Цахилгаан холбоо, Утасгүй холбоо мэргэжлийн хөтөлбөрийг АНУ-д төвлөрч үйл ажиллагаа явуулдаг олон улсын хамгийн нэр хүнд бүхий инженер, технологийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн “ABET” байгууллагаар Цахилгаан холбоо, Утасгүй холбоо мэргэжлийн хөтөлбөрийг Монгол улсаас анх удаа амжилттай магадлан итгэмжлүүллээ. Тун саяхан, шинэ хичээлийн жилийн босгон дээр манай МХТС-ийн Оюутны 1,2 дугаар багууд ABU-Робокон 2019 тэмцээнд өндөр амжилт үзүүлж, 1 дүгээр байр эзэлж ШУТИС-ийн төдийгүй эх орныхоо нэрийг өндөрт өргөж баяр дээр баяр нэмлээ.

Манай багтай аваргын төлөө тоглосон Хонконгийн их сургуулийн оюутны баг өнөөдөр ШУТИС-д зочилж байна. Хүндэт зочиддоо баяр хүргэе.

Энэ бүх амжилт бол манай эрдмийн хамт олны нөр их хөдөлмөр зүтгэлийн бодит үр дүн, түүхт 60 жилийн ойдоо барьж буй бидний бэлэг юм. Их сургуулийнхаа нийт эрдэмтэн багш нар, ажилтнууд, оюутан залуустаа халуун баяр хүргэж, ажил, сурлагын улам их амжилтыг хүсэн ерөөе.  

Шинэ хичээлийн жилд бид энэ ололт амжилтаа улам бататгаж их сургуулийн үйл ажиллагаанд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх, “QS ASIA” байгууллагаар ШУТИС-ийн ранкинг тогтоолгох, судалгаанд суурилсан их сургууль болон хөгжих ШУТИС-2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлэн ажиллахаар шийдвэрлээд байна.

Энэ хичээлийн бас нэг онцлог бол үйлдвэрлэл дээр ажил эрхэлж буй ажилчин залуучуудыг мэргэжлээ дээшлүүлэх, инженер, технологийн дээд боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор инженерийн бэлтгэл хөтөлбөр-оройн ангийг бүх бүрэлдэхүүн сургуулиуд дээр сэргээн нээн хичээллүүлэхээр шийдвэрлэсэн явдал юм.

Эрхэм хүндэт профессор багш нар, ажилтан ажилчид, оюутан суралцагчид аа, Эрхэм хүндэт зочид, хатагтай ноёдоо,

ШУТИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн үйл ажиллагааг албан ёсоор нээснийг мэдэгдье.

Энд хуран цугларсан та бүхэнд шинэ хичээлийн жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!”

Маркетинг, олон нийттэй харилцах алба