Монгол Улс “ABU ROBOCON” олон улсын тэмцээнд түүхэн дээд амжилтаа үзүүллээ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн М.Өсөхбаяр ахлагчтай “Mongolia- I” баг “ABU  ROBOCON 2019 Ulaanbaatar” олон улсын роботын тэмцээний дэд байранд шалгарлаа.

Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлэгийн холбооноос робот зохион бүтээгч оюутан залуусын дунд зохион байгуулдаг “ABU ROBOCON” олон улсын тэмцээн “ABU ROBOCON 2019 MONGOLIA” нэртэйгээр Монгол улсад анх удаа зохион байгуулагдлаа. Тэмцээний нээлтэнд  Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн А.Ундраа нар болон олон улсын төлөөлөгчид оролцлоо. “ABU ROBOCON 2019 MONGOLIA” тэмцээнд Ази номхон далайн бүсийн 16 орны 17 баг өөрсдийн зохион бүтээсэн роботоороо өрсөлдлөө.

Тус тэмцээнд Монгол улсын робот зохион бүтээгч оюутан залуус түүхэн дээд амжилтаа үзүүлэв. Монгол улсаа төлөөлж ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн ахлах багш доктор Ц.Хүрэлбаатар удирдагчтай “Mongolia-I”, доктор Б.Дорж удирдагчтай “Mongolia –II” багууд тэмцээний хагас шигшээ 8 багт шалгаран үлдэж “Mongolia-I” баг өнгөрсөн жилийн тусгай байрын шагналт Япон улсын багийг хожсоноор шигшээ тоглолтонд шалгаран үлдсэн юм.

 

Шигшээ тоглолтонд “ABU Robocon” тэмцээний 6 удаагийн аварга Вьетнам улсын багтай таарч тун сонирхолтой тоглолт хийж “Уухай” буюу цэвэр ялалтаар хожиж аваргын төлөө тоглох эрхээ авсан юм. Нөгөө талаас “ABU Robocon” тэмцээний 5 удаагийн аварга Бүгд найрамдах Хятад ард улсын багийг оноогоор ялсан Хонгконгийн баг шалгарч үлдсэн юм.

Аваргын төлөөх тоглолтонд Монгол улсын баг 130 оноо авсан бол Хонгконгийн баг 35 секундэд “Уухай” өргөж цэвэр ялалт хийснээр тус тэмцээний Гранпри цомын эзэн боллоо. Монгол улсын үзүүлсэн энэ амжилт нь одоогоор ABU Робокон тэмцээнд оролцож ирсэн 18 жилийн хугацааны хамгийн дээд амжилт болж байна. Монгол улсын “MONGOLIA –II” баг хагас шигшээд шалгаран үлдсэн амжилтаараа Тоёота цомын эзэн боллоо. Энэ жилийн тэмцээнд шилдэг инженерийн шагналын эзэн болсон БНХАУ-ын Зүүн хойд мужийн их сургуулийн робот ур хийц, хурдаараа бусад орны роботуудаас илт давуу байсан бөгөөд 18 секундийн цэвэр ялалт хийсэн юм. Тэд шигшээ тоглолтонд Хонгконгийн багтай тоглох үеэр автомат робот гацсанаар тэмцээний гуравдугаар байранд орлоо.

 “ABU ROBOCON -2020” тэмцээн номхон далайн арлын улс болох “Фижи” –д болхоор тогтсон бөгөөд зохион байгуулагчид ирэх жилийн дүрмээ танилцуулж “ABU ROBOCON” тэмцээний тугийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц тус улсын телевезийн захирал Карен Лобенданд гардуулснаар  тэмцээн өндөрллөө.

 

“ABU ROBOCON 2019 MONGOLIA” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын үндэсний олон нийтийн Радио телевизийн хамт олон, ШУТИС-ийн багийг ивээн тэтгэн хамтран  ажилласан Эс Эл Эс Беарингс Монголиа ХХК-д талархал илэрхийлье.

Оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж их сургуулийнхаа түүхт 60 жилийн ойд амжилтаараа бэлэг барьсан Робоконы багийн хамт олондоо улам их амжилтыг хүсэн ерөөе.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

МАРКЕТИНГ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА