ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 03 дугаар сарын 15                             № 08                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 танхимд 1402 цагт эхэлж 1715 цагт өндөрлөв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (зайнаас), Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дэд захирал П.Булга, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Ц.Энхцацрал, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, хуралд суугаагүй Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү. 

Хэлэлцсэн асуудал:

1. Суралцагчдад тэтгэлэг, кредитийн урамшуулал олгох журмын төсөл

                СОАЭ дэд захирал Н.Ганзориг 

2. Өргөдөл, санал, гомдол хүлээн авч, шийдвэрлэх журмын төсөл

           ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү 

Бусад асуудал:

  • ШУТИС-ийн Ахмадын зөвлөлөөс 2022 онд зохиох “Алтай” аяллын удирдамж танилцуулав

Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуун

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ахмадын зөвлөлөөс 2022 онд зохион байгуулах “Алтай” аяллыг дэмжиж, аялагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуунд үүрэг болгов.

2. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ахмадын зөвлөлөөс зохион байгуулах аялалд явуулах хүмүүсийн бүрэлдэхүүнд хяналт тавьж ажиллахыг захиргааны газар, алба, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн удирдлагад үүрэг болгов. 

3. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталж, мөрдөж буй дүрэм, журам нь тус их сургуулийн эрх зүйн баримт бичиг. Багш, ажилтан, оюутан, суралцагчид бүгд дагаж мөрдөх ёстой учир аливаа дүрэм, журмын төслийг чиглэл чиглэлийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлж, тэдний саналыг тусгаж дахин боловсруулаад, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байхыг захиргааны газар, алба, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт чиглэл болгов. 

4. “Суралцагчдад тэтгэлэг, кредитийн урамшуулал олгох журам”-ын төсөлд өнөөдрийн хурлаар яригдсан саналыг тусган боловсруулалт хийн, захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Н.Ганзориг)-д үүрэг болгов.

5. “Өргөдөл, санал, гомдол хүлээн авч, шийдвэрлэх журам”-ын төсөлд зохих өөрчлөлт, найруулга хийж батлахаар тогтов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР