“Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн санаачлагаар 2015 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн тус арга хэмжээ нь үндэсний хэмжээий арга хэмжээ болон өргөжиж 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

“Инновацийн 7 хоног арга хэмжээ”-ний амрах хүрээ жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаад нийт оролцогч байгууллагууд 14 үйл ажиллагаан дээр төвлөрөн ажиллалаа. Энэ удаагийн үйл ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны яамны Инноваци, технологийн газар бодлогын болон үйл ажиллагааны дэмжлэгийг оролцогч талуудад үзүүлж хамтран ажиллалаа.

“Covid-19” цар тахлын нөхцөл байдлаас хамаарч үйл ажиллагаанууд цахимаар хэлбэрээр Airmeet.com флатформ болон бусад хэлбэрийн цахим технологиудыг ашиглан явагдлаа. 

 

  • “Үндэсний инновацийн хөгжил” форум

5 дугаар сарын 17-ны Даваа гаригт  “Үндэсний инновацийн хөгжил” форум 6 салбар хэлэлцүүлэгийн хүрээнд Airmeet.com флатформ дээр явагдав. Тус форумын "Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци" сэдэвт салбар хуралдааныг ШУТИС-иас ХҮХААХҮЯамтай хамтран зохион байгууллаа.

  • “ICIED” олон улсын эрдэм шинжилгээний хурал

ICIED буюу  “Инновац ба Энтрепренешипийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал “Инновацийн 7 хоног арга хэмжээ”-ий эхлэл болж 2021 оны 5-р сарын 6-нд онлайн хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлыг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд энэ жилийн  олон улсын хуралд Япон, Тайван, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг 5 орноос, гадаад, дотоодын 9 их сургууль, 22 бүрэлдэхүүн сургууль болон судалгааны хүрээлэн, төв, лабораторийн төлөөлөл-60 шахам судлаач  бүтээлээ ирүүлж,  19 илтгэл хэлэлцүүлсэн бол хурлын  арга хэмжээнд нийтдээ 140 гаруй хүн оролцлоо.

 Эрдэмтэд судлаачид, ахисан түвшний оюутнуудаас 45 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс мэргэжлийн хянан магадалгаа (peer review) хийж, 36 бүтээлийг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн “Менежмент ба Инновац”  ЭШ-ний сэтгүүлд нийтлүүлэх зөвшөөрөл олгоод байна.

Хөтөлбөрийн дагуу хурлыг  дараах 4  салбар хуралдаанаар зохион байгууллаа.

  1.  Нэгдсэн хуралдаан: Урилгын илтгэл (Plenary Session: Keynote presentations)
  2. Салбар хуралдаан-1: Нийгэм, эдийн засгийн хүрээн дэх инновацын хөгжлийн   зорилтууд (Session I. Challenges and Innovation development in the Economy & Society)
  3. Салбар хуралдаан-2: Технологи, бизнесийн хөгжлийн тулгамдсан асуудлууд (Session II. Emerging issues  of  technology and business development)
  4. Салбар хуралдаан-3: Инженерийн дээд боловсролын хөгжүүлэх Монгол- Японы хамтарсан төслийн хэрэгжилтийн үр дүн (Session III. Implementation results of M-JEED PROJECT)

Урилгын илтгэлийг Япон, Тайван, ОХУ-ын эрдэмтэд сонирхолтой сэдвээр хэлэлцүүлж, оролцогчидтой мэдлэг туршлагаа хуваалцлаа.

  • “Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилтууд” олон улсын цахим үзэсгэлэн

Инновацийн 7 хоног арга хэмжээний нэгэн чухал үйл явдал бол судалгаа, шинжилгээний үр дүн зах зээлд нэвтэрснийг илтгэх инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд хүргэх, үзэсгэлэнгийн арга хэмжээ байдаг билээ.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн арга хэмжээг  Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар удирдан зохион байгуулав. Зохион байгуулагчдийн зүгээс энэ удаад байгаль орчны эрүүл аюулгүй байдал, эко системийг хамгаалах нэгдсэн агуулгын дор “Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдэвтэйгээр, олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан нь үйл ажиллагааны онцлох хэсэг байсныг тэмдэглэсэн байна. 

Нийт 121 байгууллага, хамт олны 200 гаруй инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан уг томоохон арга хэмжээ Airmeet.com флатформ дээр явагдлаа.  

Үзэсгэлэнгийн арга хэмжээнд Монгол улсаас гадна АНУ, ХБНГУ, БНХАУ, Испани, Швед, Их Британи, ОХУ, Сингапур, Турк, Индонез тэргүүтэй гаднын улсуудаас нийт 29 гарааны бизнес эрхлэгчид танилцуулга, бүтээлээ ирүүлсэн байна.
Үүнээс гадна, инноваци, гарааны бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ХБНГУ-ын Боловсрол, судлалын яамны дэргэдэх "Төв Азийн Тогтвортой хөгжлийн инновацийн зөвлөл", БНХАУ-ын “НИХАБ” инновацийн төв, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "A-Lab" төсөл, Сингапурын “Экьюти Лаб”, НҮБХХ-ийн Бангкок дахь бүс нутгийн Хаб, гарааны компанид хөрөнгө оруулагч “Кайт Монгол” ХХК болон ХБНГУ-ын "Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг" зэрэг нийт 12 төсөл, хөтөлбөр арга хэмжээний үеэр үйл ажиллагаагаа танилцуулж  2 өдрийн турш airmeet платформ дээр үргэлжиллээ.   

“Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилтууд” олон улсын цахим үзэсгэлэн зохион байгуулагчид өмнөх жилүүдийн адил инновацийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг шалгарууллаа. 

Инновацийн шилдэг  бүтээгдэхүүнээр "Cloud Print" (Ниргэ Системс) хэвлэлийн систем шалгарлаа. Cloudprint нь хэвлэх үйлчилгээний системийг сүүлийн үеийн технологиудыг ашиглан хялбараар шийдэж, хэрэглэгчдийн үнэт цагийг хэмнэсэн үйлчилгээ юм. Цагийн хязгааргүй, 3-хан үйлдэл хийгээд, хүссэн газраасаа, ямар нэгэн хүнтэй харилцах шаардлагагүй хэвлэх үйлчилгээг авах боломжийг хэрэглэгчид олгох юм.

“Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилтууд” олон улсын цахим үзэсгэлэнгийн шилдэг үйлчилгээгээр Агролли аппликейшн шалгарлаа.  Агролли Монгол нь өрхийн тариаланчдад цаг уурын өөрчлөлтийн бэрхшээлүүдтэй тэмцэж санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахад нь туслах зорилготой аппликейшн юм.

7 дахь жилдээ зохион байгуулагдсан “инновацийн 7 хоног арга хэмжээ” ийнхүү амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Та бүхэн бусад үйл ажиллагааны талаархи мэдээллийг авахыг хүсвэл тус бүрийн зохион байгуулагчдаас бэлтгэсэн мэдээллийг үзэх боломжтой юм.

Эрдэм шинжилгээ, инновацийн газар

Технологи дамжуулах төв