ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны онлайн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ОНЛАЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2021 оны 01 дүгээр сарын 27                         № 03                      Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр онлайнаар 1105 цагт эхэлж 1350 цагт өндөрлөв. Хурлыг захирал Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Хуралд суугаагүй ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар. 

Хэлэлцсэн асуудал:

1. Цахим сургалтын платформ хөгжүүлэлт

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

МТТ-ийн захирал Р.Төрбат

НБТ-ийн захирал Д.Ганбат 

Бусад асуудал, 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээлийн нэгдүгээр 7 хоногийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний даваа гарагаас эхлүүлэхээр тогтов.

2. ШУТИС-ийн хэмжээнд цахим сургалт явуулах нэгдсэн нэг платформ ашиглах, хичээл сургалт, оюутан, багш нартай холбоотой бүртгэл мэдээлэл, сургалтын явцад хяналт тавихад нэгдсэн нэг платформ ашиглах нь зүйтэй гэж үзэж, 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын цахим сургалтын үйл ажиллагаанд ШУТИС-ийн unimis системийг Microsoft office 365 teams программтай хослуулан хэрэглэхийг дэмжлээ. 

3. 2020/2021 оны хичээлийн жилийн хаврын улирлын цахим сургалтад ШУТИС-ийн unimis системийг Microsoft office 365 teams программтай хослуулан хэрэглэхтэй холбоотой заавар, зөвлөмж боловсруулан, ШУТИС-ийн нийт багш, оюутнуудад танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Мэдээллийн технологийн төвийн захирал Р.Төрбат, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат нар үүрэг болгов.

4. Коронавируст халдвар (ковид-19)-аас сэргийлэх халдвар хамгааллын дэглэм сахих, зөвлөмж, санамжийг шинэчлэн сэргээж хичээлийн байруудад байршуулах, гэнэтийн хатуу хөл хорионы дэглэмийн үед шуурхай ажлын горимд шилжих бэлэн байдлыг хангаж ажиллах хуваарь гаргахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзоригт, хичээлийн байруудын ариун цэвэр, сантехник дулааны системийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов.

5. Багш нарыг онлайнаар гэрээс нь ажиллуулах, ажлын өрөө тасалгаанд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх зохицуулалт хийн, ажилтнуудаа сэлгэн ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт зөвлөмж болгов. 

6. Коронавируст халдвар, цар тахлын тархалт эрчимтэй байгаа үед хүн нэг бүр өөрийгөө болон бусдыг хамгаалах үүднээс халдвар хамгааллаа сахиж, туйлын хариуцлагатай байхыг ШУТИС-ийн нийт хамт олон, гишүүн нэг бүрт анхааруулав.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР