ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний онлайн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ОНЛАЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

 2020 оны 12 дугаар сарын 01                          № 23                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр онлайнаар 1125 цагт эхэлж 1625 цагт өндөрлөв. Хурлыг Захирал /ректор/ Б.Очирбат удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /проректор/ Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /проректор/ Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /проректор/ Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Хэлэлцсэн асуудал:

1. Цахим сургалтын зохион байгуулалт, цаашид авах зарим арга хэмжээний тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

МТТ-ийн захирал Р.Төрбат 

2. “Цахим сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын өөрчлөлт, суралцагчдын дипломын ажлыг улсын шалгалт болгож өөрчлөх тухай 

          СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

          СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од 

3. “Оюутны дотуур байрын журам”-д өөрчлөлт оруулах тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

ОСҮА-ны дарга  Н.Санчирбаатар 

4. “Боловсрол 4.0” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, зарчим, үзэл баримтлал

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

НБТ-ийн захирал Д.Ганбат

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2020/2021 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл сургалтын үйл ажиллагаа, улирлын болон улсын шалгалт, диплом хамгаалалтыг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны дотор бүрэн дуусгах төр засгийн шийдвэрийг мөрдөж хэрэгжүүлэхтэй холбоотой ШУТИС-ийн сургалтын нэгдсэн хуанлид зохих өөрчлөлт оруулах, улирлын болон улсын шалгалт, диплом хамгаалалтыг цахимаар зохион байгуулахтай холбоотой удирдамж, зөвлөмж гарган, нийтэд мэдээлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/-д үүрэг болгов. 

2. 2020/2021 оны хичээлийн жилийн намрын улиралд “бакалаврын дипломын төсөл” сонгосон оюутан улсын шалгалт болгож өөрчилж төгссөн тохиолдолд удирдагч болон зөвлөх багшид тухайн улиралд кредит тооцохгүй байхаар тогтов. 

3. Багш, оюутнуудын хичээлийн байранд үлдээсэн хичээл сургалт болон дүн гарахад хэрэглэгдэх материал, хувийн эд зүйлсээ авах зохицуулалтыг хамтран зохион байгуулж ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга /Н.Ганзориг/, бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад хариуцуулав. 

4. Сургалтын төлбөр бүрэн төлөөгүй, тодорхой хугацаанд төлөх хүсэлт гаргаж буй оюутнуудын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлууд үүрэг болгов. 

5. 2020/2021 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаа цар тахал ковид-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан “цахим-танхим-цахим” хэлбэрээр хичээл сургалт явсантай холбогдуулаад оюутны мэдлэг үнэлэх багшийн 70 оноог тооцохдоо хичээл сонголт хийж, сургалтад бүрэн хамрагдан хичээлийн агуулга, контентоо бие даан судалсан оюутан, суралцагчдад явцын суурь 30 оноог тооцож дүгнэхийг ШУТИС-ийн профессор багш нарт зөвлөмж болгов. 

6. Намрын улирлын 30 онооны шалгалт зохион байгуулах, 100 кодтой суурь ухааны хичээлийн шалгалтыг LMS системээр, 200, 300 кодтой мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийн шалгалтыг мэдвэл зохих агуулгын хүрээнд багш нар зохион байгуулах, шалгалтуудыг давхцуулахгүй байх зохицуулалт, хуваарь гаргаж ажиллахыг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Гэрэлт-Од/, бүрэлдэхүүн сургуулиудын захирлуудад үүрэг болгов. 

7. Дипломын төслийг улсын шалгалт болгох оюутнуудын хүсэлтийг дахин авч, нэгтгэн шийдвэрлэх, оюутан, суралцагчдын эрх ашгийг хүндлэх, хүнлэг энэрэнгүй хандах, сургалттай холбоотой бусад зохицуулалтуудыг цаг тухай бүр нь шуурхай зохион байгуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга /Д.Гэрэлт-Од/, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. 

8. Оюутны дотуур байрын журам”-д өөрчлөлт оруулах тухай, “Боловсрол 4.0” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, зарчим, үзэл баримтлал”-ыг дараагийн хурлаар хэлэлцэхээр тогтов. 

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР