ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны онлайн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ОНЛАЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

2020 оны 11 дүгээр сарын 17                        № 22                        Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр онлайнаар 1005 цагт эхэлж 1136 цагт өндөрлөв. Хурлыг Захирал /ректор/ Б.Очирбат удирдав.  

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /проректор/ Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал /проректор/ Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /проректор/ Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /проректор/ Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /проректор/ Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга Д.Орхон, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин нар хуралд оролцов. 

Цаг үеийн асуудлаар хуралдав. 

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

1. Цахим сургалттай холбоотой асуудлуудыг төлөвлөн, журам, зохион байгуулалтын талаар боловсронгуй болгон дараагийн хурлаар хэлэлцүүлэхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/-д үүрэг болгов. 

2. ШУТИС-ийн оюутны дотуур байрын оюутнуудын хүнсний хангамжийн судалгаа гаргаж хүнсний болон ариутгалын бодисын түгээлт хийх ажлыг хариуцан зохион байгуулж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /Л.Баяр-Эрдэнэ/, Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга /Д.Орхон/ нарт хариуцуулав. 

3. ШУТИС-ийн оюутны дотуур байрын оюутнуудаас авах цахим асуумжийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 17 цагаас өмнө авч, Боловсрол, шинжлэх ухааны яаманд илгээх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга /Д.Орхон/-д хариуцуулав. 

4. ШУТИС-ийн нийт оюутнуудыг цахим асуумжид бүрэн хамруулах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад, асуумжийг нэгтгэж Боловсрол, шинжлэх ухааны яаманд илгээхийг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал /Ц.Баатархүү/-д хариуцуулав. 

5. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан сургуультай холбоотой зохион байгуулж байгаа ажлуудыг сургуулийн вэб сайтаар өдөр тутам олон нийтэд мэдээлж байхыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /Б.Сүхбат/-д хариуцуулав. 

6. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан оюутны дотуур байруудын үйл ажиллагаанд анхаарал хандуулан, хүч нэмэгдүүлж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. 

7. ШУТИС-ийн оюутны дотуур байруудын интернэтийн хангамжтай холбоотой асуудлыг судалж, зохицуулалт хийж ажиллахыг холбогдох асуудал эрхэлсэн дэд захирлуудад үүрэг болгов. 

8. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан их сургуулийн сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй цахимаар явуулах, цаг үетэй холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай солилцож байх үүднээс холбоо барих хэрэгслийг байнга нээлттэй байлгах, viber чатаар тогтмол холбогдож байхыг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүд, захиргааны газар, алба, нэгжийн дарга нарт үүрэг болгов. 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР