Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан томилолтын хүрээнд ШУТИС-ийн археологичдын ажлын явц, үр дүнтэй танилцав

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно” гэж тусгаад хөтөлбөрийн 2.6.1.9-д “Төв Азийн түүх, соёлын голомт судалгаа, сурталчилгаа, хамгаалалтын цогцолборыг Орхон, Тамир, Хануй-Хүннүгийн дурсгалуудыг тушиглэн байгуулах зорилт дэвшүүлжээ. Уг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Булган аймагт албан томилолтоор ажиллав. Ерөнхий сайдын ажлын бүрэлдэхүүнд БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун, БХ-ын сайд Г.Сайханбаяр болон бусад албаны хүмүүс багтан ажилласан.

Томилолтын үеэр түүх, соёлын 17 дурсгалт газраар зочлон эрдэмтэн судлаач, шинжлэх ухааны ажилтнууд, археологичдын малтлагын явцын мэдээлэл, судалгааны дүнтэй танилцаж, их хаад, эзэнт гүрнүүдийн түүхийн жимээр 1500 км замыг ажлын хэсэг туулсны нэг нь ШУТИС-ийн археологийн багийнхны ажилласан Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь Хар бухын балгас мөн Чин толгойн балгас байлаа. Хар бухын балгасны дэргэд багахан хэмжээний музей байдгийг 2002 онд ШУТИС-ийн ректор асан Д.Бадарч санаачлан, археологич Л.Эрдэнэболд нар археологийн малтлага судалгаа явуулж, барилгыг төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэй байгуулсан. Тус сургуулийн эрдэмтэн багш нар музейн үзмэрүүдийг дотоод нөөц, бололцооныхоо хэмжээнд сэргээн засварлах, дэглэх  ажлыг шуурхай хийсэн тул музей өнгө зассан. 

Ерөнхий сайд У. Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсгийнхэн 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хар бухын балгас дээр ирэхэд доктор дэд профессор Л.Эрдэнэболд тус обьектын археологийн малтлагын явц, олдворууд, уг олдворуудын түүх, соёлын үнэ цэнийн тухай  илтгэл тавиад, Хятаны үеийн хэрэмт хот Чинтолгойн балгас, Цогт хунтайжийн ордны туурь Цогтын цагаан байшин руу очиж, зохих тайлбарыг хийсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БуХС-ийн захирал А.Энхбат ШУТИС-ийн археологийн олдворын дээжсийн нэг болох Хятан улсын үеийн ваар (хуулбар)  болон “Монголын эртний нүүдэлчдийн өв” альбомыг бэлэглэж, ШУТИС нь археологийн олдворыг 3 хэмжээст дижитал технологийн нөхөн сэргээлт, түүнийг олшруулах, материал судлал болон бусал судалгааг иж бүрэн хийх боломжтойг танилцуулсан. Тус сургуулийн багш, судлаачид ШУТИС-ийн археологийн судалгааны олдворын дээжийг харуулсан “Монголын эртний нүүдэлчдийн өв” альбомыг УИХ-ийн БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Ц. Анандбазар
Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Соёлын сайд С.Чулуун нарт гардуулсан.

Булган аймгийн Дашинчилэн сумын Хятаны үеийн Чин толгой балгасанд ШУТИС-ийн БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын багш, судлаачид ОХУ-ын ШУА-ийн Алс дорнодын салбарын Алс дорнодын ард түмний Түүх, археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаачидтай хамтран “Төв азийн нүүдэлчдийн хот суурины судалгаа” төслийг 2002-2009 онуудад хэрэгжүүлсэн билээ. Тус төслийн үр дүнд Чин толгой балгасны судалгаа гэх мэт хэд хэдэн томоохон бүтээлүүд хэвлэгдэн гарсан бөгөөд эл дурсгалт газруудаас олдсон олдворууд өдгөө ШУТИС-ийн музей болон Археологийн лабораторид хадгалагдаж байгаа болно.

             Мэдээ бичсэн: Доктор(Ph.D), профессор Н. Галиймаа 

               Зургийг ахлах багш Доктор(Ph.D), Д.Хатанбаатар