ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

   2019 оны 5 дугаар сарын 07                                     Дугаар: 10                                       Улаанбаатар хот

 

     Захирлын зөвлөлийн хурал 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1400 цагт эхэлж 1915 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арслан, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн дэд захирал А.Сарнай, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Бизнесийн ахисан түвшний сургуулийн дэд захирал М.Банзрагч, Орхон аймаг дахь Технолгийн сургуулийн захирал Д.Зоригтхүү (онлайн), ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Э.Болд-Эрдэнэ нар оролцов.

Томилолттой болон чөлөө авсан: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин нар.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн 2018 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл, аудитын дүгнэлт, зөвлөмж

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

СНББА-ны дарга Д.Барсболд

2. 2019/2020 оны хичээлийн жилийн сургалтын нэг кредитийн үнэлгээ, оюутны байрын төлбөр

СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

ХХТГ-ын дарга Ж.Арслан

3. Баримт бичгийн боловсруулалт, бүртгэл, хяналтын журам

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

4. ШУТИС-ийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам

ХШҮЭ дэд захирал Ц.Баатархүү

5. ШУТИС-ийн профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журамд өөрчлөлт оруулах тухай

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

Бусад асуудал,

  • ШУТИС-ийн 2018 оны хамтын гэрээнд үүсгэсэн маргааныг шийдвэрлэх тухай

            ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. ШУТИС-ийн 2018 оны санхүүгийн тайлан, шинжилгээг хангалттай сайн гэж дүгнэн, УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

2. 2018 оны санхүүгийн тайлан хэлэлцүүлсэн дүгнэлт, аудитын дүгнэлт, зөвлөмжийн дагуу санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг сайжруулахтай холбоотой авч хэрэгжүүлэх ажил, авах арга хэмжээний тухай тушаал боловсруулан батлуулж, мөрдөж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн дарга Д.Барсболд нарт үүрэг болгов.

3. 2019/2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн нэг кредитийн үнэлгээ, оюутны байрын төлбөр нэмэгдүүлэх саналыг дэмжиж, захирлын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, бодит тооцоололтой хувилбарууд боловсруулж ажиллахыг Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Ж.Арсланд хариуцуулав. Боловсруулсан хувилбарыг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хуралд танилцуулан, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

4. “Баримт бичгийн боловсруулалт, бүртгэл, хяналтын журам”-ын төсөл, “ШУТИС-ийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын төслийг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүдэд е-майлаар илгээн, санал авч нэгтгэн дараагийн хурлаар хэлэлцүүлэхийг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүүд үүрэг болгов.

5. “ШУТИС-ийн профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-д өөрчлөлт оруулах тухай саналын эцсийн хувилбарыг захирлын зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэхээр хойшлуулав. Уг журамтай холбоотой саналыг бүх бүрэлдэхүүн сургуулиудаас авч нэгтгэн, танилцуулахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од нарт хариуцуулав.

6. ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг өөрийн хариуцлагагүйгээсээ болж хойшлуулж, шийдвэр гаргуулахгүй ажил цалгардуулсан, хурлаар хэлэлцэн, шийдвэр гаргасан асуудлыг боловсруулан, батлуулж хэрэгжүүлэлгүй хугацаа алдсан албан тушаалтнуудыг ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, ШУТИС-ийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу арга хэмжээ авч байхаар тогтов.

7. ШУТИС-ийн 2018 оны хамтын гэрээнд үүсгэсэн маргааныг шийдвэрлэх талаар ШУТИС-ийн захиргаа, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо, Сүхбаатар дүүргээс томилогдсон зуучлагчтай хамтран зөвшилцсөн дундын хувилбар саналыг дэмжин, “ШУТИС-ийн багш, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулах журам”-ыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтов.

8. ШУТИС-ийн багш, ажилтанд 2019 оны 01 дүгээр сарын урамшууллыг үндсэн цалингийн 10 хувиар тооцож бүрэн олгох, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “ШУТИС-ийн багш, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулах журам”-д заасны дагуу үнэлгээ, дүгнэлт өгч урамшуулал олгож байхаар тогтов. 

9. ШУТИС-ийн багш, ажилтанд 2019 оны 01 дүгээр сарын урамшууллыг үндсэн цалингийн 10 хувиар тооцож бүрэн олгохыг газар, нэгжийн дарга, бүрэлдэхүүн сургуулиудын захирал, ахлах нягтлан бодогч нарт зөвшөөрөв.

10. ШУТИС-ийн 60 жилийн ой угтсан багш, ажилтны урлагийн наадам амжилттай зохион байгуулсан. Хамт олон, олон нийтийн арга хэмжээг үл хүндэтгэн, ажлын хариуцлага алдсан Оюутны соёл, үйлчилгээний албаны мэргэжилтэн Б.Намхайнямбууд хариуцлага тооцохыг Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзоригт үүрэг болгов.

11. Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ахмад багш Эрдэнцэцэгийн эмчилгээний зардалд зориулж ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээний дагуу Үйлдвэрлэлийн технологийн сургуулиас 2000000 (хоёр сая) төгрөг, БАС, БАТС, БуХС, ГУУС, ГХС, ДаТС, МехТС, МХТС, ХШУС, ЭХС тус бүр 200000 (хоёр зуун мянган) төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

12. Геологи, уул уурхайн сургуулийн жолооч Тогтохсүрэнгийн эмчилгээний зардалд зориулж ШУТИС-ийн 2019 оны хамтын гэрээний дагуу Геологи, уул уурхайн сургуулиас 2000000 (хоёр сая) төгрөг, БАС, БАТС, БуХС, ГХС, ДаТС, МехТС, МХТС, ҮТС, ХШУС, ЭХС тус бүр 200000 (хоёр зуун мянган) төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР