“Санко монгол групп”-ийн Ерөнхийлөгч Шимизу Такаши ШУТИС-ийн “Хүндэт профессор” боллоо
     “Санко монгол групп”-ийн Ерөнхийлөгч Шимизу Такашиг ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол өргөмжлөх ёслолын ажиллагаа 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо.  Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн Ректор, профессор Б.Очирбат үг хэлж, Хөгжлийн бодлого, эрдмийн ба хүндэт цолны нарийн бичгийн дарга, ЗМГ-ын дарга Л.Пүрэв хүндэт профессор цол хүртэж буй “Санко монгол групп”-ийн ерөнхийлөгч Шимизу Такашиг ирсэн зочидод товч танилцуулав. Энэхүү арга хэмжээний дэгийн дугаа ШУТИС-ийн Ректор Б.Очирбат Шимизу Такашид “Хүндэт профессор”-ын өмсгөл, дипломыг гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээдийг өргөн барьлаа. Баяр хүргэж ШУТИС-ийн БуХС-ийн захирал Г.Батхүрэл үг хэлсэн бол ШУТИС-ийн “Хүндэт профессор”,“Санко монголын групп”-ийн ерөнхийлөгч Шимизу Такаши ёслолын ажиллагаанд оролцсон бүх хүнд баярлаж талархаж буйгаа илэрхийллээ.
 
 
      Шимизу Такашинь 2005 онд ШУТИС-иас анх бизнесийн гараагаа эхэлж “Монгол Япон Санко” ХХК-ийг байгуулсан байна. 2011 оноос “Монгол Япон Санко” ХХК-ийг “Санко Тех Монголиа”, “Санко Маркетинг Монголиа”, “Санко Соолар Монголиа” ХХК гэх 3 компани болгон өргөжүүлж, нарны зай, робот эд ангийн үйлдвэрлэл, хэвлэлийн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ явуулж байна. Байгуулагдсан цагаасаа Шинжлэх ухаан, технологийн их сургуультай олон талын хамтын ажиллагааг хөгжүүлж, их сургууль, бизнесийн байгууллагын үр бүтээлт хамтын ажиллагааны үлгэр жишээ болохуйц түвшинд хүрсэн юм. Тус байгууллага ШУТИС-ийн оюутан, суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, төгсөгчдийг ажлын байраар хангахад идэвхтэй хамтран ажиллаж, өнөөдөр “Санко Монгол Групп”-д ШУТИС-ийн 18 төгсөгч ажиллаж байна. Мөн их сургуулийн профессор, багш нар, эрдэмтэн, судлаачдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
 
      “Хүндэт профессор” цол өргөмжлөх ёслолын ажиллагааны үеэр “Санко монгол групп”-ийн Ерөнхийлөгч Шимизу Такаши энэ хичээлийн жилээс эхлэн ШУТИС-ийн таван оюутанд жил бүр сургалтын тэтгэлэг олгох болсныг дуулгав.