Дээд боловсролын тэтгэлэгт солилцооны “Erasmus Mundus Mobility Asia” хөтөлбөрийн тухай

 

EMMA буюу Erasmus Mundus Mobility with Asia хөтөлбөр нь Европын Комиссоос зохион байгуулдаг Европ, Зүүн Азийн улсуудын их, дээд сургуулиуд хоорондын дээд боловсролын тэтгэлэгт солилцоог дэмждэг хөтөлбөр юм. Хөтөлбөр нь тэтгэлэгт солилцоо, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаар дамжуулан дээд боловсролын чанарыг сайжруулах зорилготой. 
 
EMMA хөтөлбөрийн Монгол дахь түнш байгууллагаар Сити дээд сургууль сонгогдон, 2013 оны намраас хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхлээд байна. Манай улсаас гадна хөтөлбөрт Ази тивээс Вьетнам, Камбодж, Лаос, Бирм, Филиппин, Тайланд улсуудын сургуулиуд оролцож байгаа бөгөөд Европын (Румын, Польш, Франц, Португал, Итали, Герман, Голланд) 7 орны түнш сургуулиудтай дээд боловсролын бүх шатны тэтгэлэгт солилцоо, хамтарсан сургалтыг хэрэгжүүлнэ.
 
Хөтөлбөрийн хүрээнд 2014-өөс 2017 оны хичээлийн жилд 3 ээлжээр бакалавр, магистр, доктор, докторын дараах шатны суралцагчид болон багшын солилцоо, сургалтыг хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн нэгдүгээр ээлжээр Монгол улсын их, дээд сургуулиудаас магистрын зэрэг авсан бөгөөд докторт сурах сонирхолтой хүмүүс Европын 7 орны түнш аль нэг их сургуульд 36 сар хугацаанд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцан, тухайн хүлээн авч буй Европын сургуулиас докторын зэрэг авах боломжтой. Харин хоёрдугаар ээлжээр баклавр, магистр, доктор болон докторын дараах тэтгэлэгт солилцоог, гуравдугаар ээлжээр нэмэлт баклаврын оюутнуудын солилцоог тус тус хэрэгжүүлнэ.
 
Хөтөлбөрийн нэгдүгээр ээлж буюу 2014-2015 оны хичлээлийн жилд эхлэх 36 сарын хугацаатай докторын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхлээд байгаа юм. Хөтөлбөрийн бүртгэл 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 сарын 31-ний өдөр хүртэл цахим хэлбэрээр http://emma2014.ateneo.net хаягаар явагдсан.
 
Хөтөлбөрийн хоёрдугаар ээлж буюу 2015-2016 оны хичлээлийн жилд эхлэх бакалавр, магистр, доктор, докторын дараах тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхлэх гэж байна. Хөтөлбөрийн бүртгэл 2014 оны 10 дүгээр сарын 1-ны өдрөөс 11 сарын 15 -ний өдөр хүртэл цахим хэлбэрээр http://emma2014.ateneo.net хаягаар явагдана.
Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн иргэд энэхүү хоёрдугаар ээлжийн хөтөлбөрт магистрийн чиглэлээр хамрагдах боломжтой. Мөн магистр, доктор, докторын дараах сургалтын тэтгэлэгт солилцоонд Монголын аль нэг их дээд сургуулийн оюутнууд хамрагдаж, бүрэн тэтгэлэгтэй суралцах боломжтой юм. 
Тухайн тэтгэлэгт солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын Европид суралцах хугацааны кредит цагийг тооцон дүгнэж EMMA certificate олгогдоно. Энэхүү суралцсан нь үнэн хэмээх бичиг баримтын хувьд маш өндөр шаардлаган дор өөрийн харгалзах чиглэлийн хугацаагаар кредитээ тооцуулах бөгөөд тухайн оюутан зэрэг олох хэмжээний дадлага, туршлага мөн мэдлэг чадвартай болно гэсэн үг юм. Тиймээс EMMA certificate бол маш олон шалгуурын үр дүнд олгогдож буй үнэ цэнэтэй бичиг баримт юм.
 
Сургалтын төлбөр, амжиргааны зардал зэрэг тухайн улсад байх хугацааны бүх зардлыг хөтөлбөрийн зүгээс санхүүжүүлэх учраас та үнэ төлбөргүй Европын өндөр хөгжилтэй орнуудын дээд боловсролын системээс суралцаж, өөрийн мэргэжил, мэдлэгээ дээшлүүлээд зогсохгүй ирээдүйдээ үнэ цэнэтэй түүхийг бичих юм.
Тухайн тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхож буй хүмүүс http://emma2014.ateneo.net хаягаар орж бүртгүүлэх хэсэгт бүртгүүлээд шаардлагатай мэдээлэлүүдийг оруулна.
Бүртгүүлсэний дараа тухайн хуудасанд байгаа application form хэсэгт өөрийн бүх мэдээлэлүүдийг оруулж, засварлаж, нэмж, хасах боломжтой бөгөөд view application хэсгээс зассан мэдээллээ харж болно.
Мөн public mobility offers хэсгээс өөрийн сонирхож буй мэргэжлийн чиглэлүүдийг нарийвчлан үзэж болох юм.
Хэрвээ сонирхож буй чиглэлээр хүссэн мэргэжил байхгүй бол my purposed mobility offers хэсэгт ороод өөрийн саналаар тухайн нарийвчилсан чиглэлээр суралцах сонирхолтой тухайгаа оруулан хуудас нээж, түүндээ тодорхойлолт гаргана.
 
Уг тэтгэлэгт сургалтанд бүртгүүлэгчид сонгон шалгаруулалтанд биеэр очиж оролцохгүй бөгөөд цахим бүртгэлд оруулсан хувийн мэдээлэл нь сонгогдоход чухал нөлөөтэй байх учраас бичиг баримтыг чанартай, үнэн зөв бүрдүүлсэн байх шаардлагатай.
 
Тавигдах шаардлага:
-     Сүүлийн 5 жилд Европын аль нэг оронд суралцаж мөн ажиллаагүй байх;
-    Монголын аль нэг их, дээд сургуулиудаас зэрэг авсан байх
-    Монголын аль нэг их, дээд сургуулийн магистр, доктор, докторын дараах хөтөлбөрийн оюутан байх
-    Өөрийн CV-г чанартай, үнэн зөв боловсруулсан байх
-    Англи хэлний мэдлэгийн түвшин B1-с дээш байх;
-  Өөрийн мэргэжлийн чиглэлээр судалгааны ажлын төлөвлөгөө, хураангуйг боловсруулсан байх;
-  Профессор багшийн тодорхойлсон захидалтай байх
-   Хөтөлбөрт хамрагдахийг хүссэн захидалтай байх
 
 
Энэхүү тэтгэлэгт хамрагдаж, цахим бүртгэлд нэгдэхийг хүссэн оролцогчидод СИТИ дээд сургуулийн EMMA хөтөлбөрийг хариуцагч алба бичиг баримт бүрдүүлэх зааврыг нарийвчилан өгч бусад хэрэгцээт мэдээллээр хангах болно.
EMMA хөтөлбөрийн англи танилцуулга татаж авах
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус сайтнаас авнауу. http://emmasia.udn.vn/
Холбоо барих утас: 95955182
E-mail: citiforeigndept@gmail.com;  azaa_6487@yahoo.com