“Инженеры будущего 2013” сэдэвт олон улсын залуучуудын аж үйлдвэрийн форум

Оросын машин үйлдвэрлэлийн холбоо 2013 оны 7 сарын 16-28-ны хооронд  зохион байгуулах “Инженеры будущего 2013” сэдэвт олон улсын залуучуудын аж үйлдвэрийн форумд ШУТИС-д  машин үйлдвэрлэлийн технологи, металлург, машин үйлдвэрлэл, төмөрлөгийн үйлдвэрлэл, нисэх техникийн механик мэргэжлээр сурдаг оюутан, магистр, аспирант, залуу эрдэмтэн, зохион бүтээгч клубийн гишүүд Та бүхнийг оролцохыг урьж байна.

Тус форумд ОХУ-ын 60 гаруй техникийн их, дээд сургууль, 350 гаруй машин үйлдвэрийн газрын төлөөлөл болох 2000 оюутан залуус, магистр, аспирант, залуу эрдэмтэн, зохион бүтээгч, мэргэжилтэн, инженер технологич, инженер, гадаадын 20 гаруй орны 500  төлөөлөгч оролцоно.

Зохион байгуулах холбооноос “Инженеры будущего 2013” форумд ШУТИС-д дээрх мэргэжлийн чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа 20-35 насны 30 оюутан залуусыг оролцох урилга ирүүлээд байна.  

Форумын үеэр инженер-зохион бүтээгч, инженер-технологи, үйлдвэрийн удирдлага, зохион байгуулалт сэдвээр сертификаттай 7 хоногийн сургалт, шинжлэх ухаан-техгикийн чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал,  дугуй ширээний ярилцлага, мэтгэлцээн,  санал шүүмжлэл өрнүүлж харилцан туршлага солилцоно. Техникийн үзэсгэлэн гарна. Форумд оролцогчид Эрхүү хот, дорнод сибирийн машин, онгоцны үйлдвэрийн газар, Буриадын ард түмний ахуй амьдрал, соёлтой танилцаж  Байгал нуурт усан онгоцоор аялана.  

Тусгайлан бэлтгэсэн эгц цохионд авирах, уулын ширүүн урсгалтай голд завиар явах, футбол, волейбол, ширээний теннис, бадминтон, шатар, нум сум харвалтын спортын тэмцээнүүд зохион байгуулагдана.

Мөн “Я-машинстроитель”, “Краса форума”(эмэгтэй), “Мистер машиностроитель”(эрэгтэй), “Минута славы” зэрэг тэмцээн, өдөр бүр гаалын наадам бүхий дискотек, дуу, хөгжим, бүжгийн тэмцээн зохион байгуулагдана.

Оросын машин үйлдвэрлэлийн холбоо болон “Инженеры будущего 2013” форумын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй сайт: www.enfuture.ru (For International Participants) руу нэвтэрч танилцана уу

Форум явагдах газар:

ОХУ-ын Эрхүү мужийн Байгал нуурын эрэг “Большое Голоустное” тосгон. Майхант (Палаточный) хотхонд байрлана.

Албан ёсны хэл: Орос, Англи

Зардал: Оролцогч Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар тээврийн зардлаа өөрсдөө, зохион байгуулагч тал орон байр, хоол, хотын дотор явах унааг хариуцана.

Бүртгэл: Форумд оролцогчдыг харъяа сургуулиуд сонгон шалгаруулж холбогдох материал бүрдүүлэх тул сургуулийнхаа захиргаанд яаралтай хандахыг зөвлөж байна. Шалгарсан оролцогч бүр тусгай анкет Англи хэл дээр алдаагүй бөглөж, гадаад паспортын хуулбарыг хавсаргана. Паспортын хугацаа сунгагдсан бол тэр хуудас мөн хавсрагдана.

Холбоо барих: Харъяа сургуулиийн захирал, ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар. Төв байр, өрөө 218, утас-329-081