ЭНЭТХЭГ УЛСАД ОЮУТАН, МАГИСТРАНТ СУРАЛЦУУЛНА

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу 2011-2012 оны хичээлийн жилээс 20 оюутан, үүнд байгалийн ухааны чиглэлээр 4, хөдөө аж ахуйн чиглэлээр 3, технологийн чиглэлээр 4, инженерийн чиглэлээр 4, мэдээллийн технологийн чиглэлээр 5, мөн 10 магистр, үүнд байгалийн ухааны чиглэлээр 3, мэдээллийн технологийн чиглэлээр 3, биотехнологи, нанотехнологийн чиглэлээр 4 хүнийг БНЭУ-ын их, дээд сургуульд суралцуулна. БСШУЯ-наас 40 бакалавр, 20 магистр нийт 60 хүнийг шалгаруулж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулах ярилцлагад оруулна. Ярилцлагын дүнд 30 хүнийг сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамрагдахаар нэр дэвшүүлнэ. 

Бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгаруулалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Нэг хуваарь дээр их сургууль 6 хүртэл, дээд сургууль, коллеж 3 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, бүртгэн, оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ.

 

Магистрын сургалтад хамрагдах хүмүүс нь суралцах чиглэлээрээ бакалавраас доошгүй зэрэгтэй (сургалтын голч дүн нь 3,25-аас доошгүй) 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байна. Шалгаруулалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүс доор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн 2010 оны 1 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд БСШУЯ-ны 402 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ. Үүнд: Иргэний үнэмлэх, Бакалаврын диплом, дүнгийн жагсаалтын хамт, Ажил байдлын тодорхойлолт, Шалгалтын хураамж 10000 төгрөг.

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгчдээс англи хэл, мэргэжлийн шалгалт авах бөгөөд шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Бүх шалгалтад 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.
Англи хэлний шалгалтыг 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авч, шалгалтын дүнг 1 дүгээр сарын 25-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Шалгалтад 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг мэргэжлийн шалгалтад оруулна. Бүртгэлийн үед мэргэжлийн шалгалтыг “математик” эсвэл “хими”-ийн хичээлийн аль нэгнээр өгөхөө шалгуулагч сонгосон байна. Мэргэжлийн шалгалтыг 2011 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр авна. Мэргэжлийн шалгалтын оноо болон ярилцлагад орох 60 хүний нэрийг 2011 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 18.00 цагт МУИС-ийн 2 дугаар байрны зарлалын самбарт байрлуулна. Мэргэжлийн шалгалтад 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан шалгуулагчдыг мэргэжлийн чиглэл тус бүрээр хоёр шалгалтын нийлбэр онооны дарааллаар жагсааж, хамгийн өндөр оноо авсан хүмүүсээс хяналтын тоонд багтаан ярилцлагад оруулахаар сонгоно.

Ярилцлагад тэнцсэн 30 хүнийг БНЭУ-ын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчид БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хандаж, Энэтхэгийн их, дээд сургуулиудад элсэх гарын авлагатай танилцаж, зөвлөгөө авах боломжтой. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах сургууль гаргах ба шийдвэр хүлээн авсан хүмүүсийг үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. Замын болон бусад зардлаа суралцагч өөрөө хариуцна.

 

ЖИЧ: Тус тэтгэлэгт суралгалтанд хамрагдахыг хүсэгчид ГХХАГазрын 218 тоот өрөөнд 2011 оны 1 сарын 19-ний дотор ирж бүртгүүлэх ба зөвхөн бакалаврын оюутнуудыг бүртгэнэ. Бүртгүүлэхээр ирэгчид өөрийн сургуулиас тодорхойлолт, дүнгийн хуудас, цээж зураг /файлаар/, 5000₮ хураамж авчирна уу.

 

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар