ОХУ, Украйн, Словак улсад суралцуулна

ОХУ, Украйн, Словак улсуудад суралцуулна

 

Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2010-2011 оны хичээлийн жилд Украин Улсад  3 оюутан /анагаах ухаан, эдийн засаг, инженер чиглэлээр/, Словак улсад 1 оюутан /хөдөө аж ахуйн чиглэлээр/, Оросын холбооны улс /ОХУ/-д 135 оюутан, 50 докторант болон мэргэжил дээшлүүлэгч суралцуулна. Үүний дотор ОХУ-д анагаахын чиглэлээр 12, хууль эрх зүйн чиглэлээр 2, улс төр судлалын чиглэлээр 2, эдийн засаг ба удирдлагын чиглэлээр 15 оюутан тус тус сургана. Бусад мэргэжлээр ОХУ-д хэдэн хүн сургахыг шалгалтын дүнг харгалзан БСШУЯ тогтооно.

 

Нэг. Тавигдах шаардлага

1/Бакалаврын сургалтанд хамрагдахыг хүсэгч нь: 

-Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа, бүрэн дунд боловсролын гэрчилгээнд нэг ч “С” дүнгүй,
-ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид суралцагч болон төгсөгч, бүрэн дунд боловсролын гэрчилгээнд нэг ч “С” дүнгүй,
-Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа 
-ОХУ-ын их, дээд сургуулийн салбар сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцаж байгаа болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам /ЭСЯ/-ны харъяа ерөнхий боловсролын 14-р сургуулийн төгсөх ангид суралцагч 

зэрэг 25 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх. 

2/Докторант ба мэргэжил дээшлүүлэгч нь


-Докторант нь магистр зэрэгтэй, 3,25-аас доошгүй голч дүнтэй, 45 хүртэлх насны; 
-Мэргэжил дээшлүүлэгч нь бакалавр болон магистрын зэрэгтэй, 3,0-аас  доошгүй голч дүнтэй, 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх. Өмнө нь дээрх улсуудын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.

Хоёр.Бүртгэл

Монголын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч нь өөрийн суралцаж буй чиглэлийн дагуу мэргэжлээ сонгон сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус бүр 50 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 20 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 10 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам /БСШУЯ/-ны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ. 

Бүртгэлийн үед шалгуулагч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 433 дугаар тушаалаар баталсан “Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу суралцах мэргэжлийн чиглэлтэйгээ уялдуулан мэргэжлийн шалгалтыг “математик”, “хими”, “нийгмийн тухай мэдлэг” гэсэн хичээлүүдийн аль нэгнээр өгөхөө сонгосон байна. /Уг журмыг яамны “www.mecs.gov.mn” вэб сайтын “Мэдээлэл” гэсэн хэсгийн “Гадаадад суралцахыг хүсэгчдэд” булангаас  харна уу./

ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд суралцаж буй оюутнууд болон төгсөгчид, мөн дээр дурдсан ангиллын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид нь 2010 оны 3 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Боловсролын үнэлгээний төв дээр бүртгүүлнэ. Докторант ба мэргэжил дээшлүүлэгч нь 2009 оны 3 сарын 9-ний өдрийн 10.30-17.30 цагийн хооронд Боловсролын үнэлгээний төв дээр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ авчрах материал:

1.ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэл ангид суралцагчид нь
 

-Өөрийн сурч буй сургуулиас тус улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн албан ёсны бичгийн эх хувь, 
-Бэлтгэл ангийн дүнгийн тодорхойлолтын эх хувь, 
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; 
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар 
-Шалгалтын хураамж 5000 төгрөг

2.Хэлний бэлтгэл анги төгссөн хүмүүс нь 

-Хэлний бэлтгэл анги төгссөн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хувь; 
-Хэлний бэлтгэл төгссөний дараа хаана, юу хийж байсан тухай албан ёсны тодорхойлолт эсвэл тайлбар бичгийн эх хувь; 
-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; 
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар 
-Шалгалтын хураамж 5000 төгрөг

3.Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид суралцагч нь 


-Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолтын эх хувь, 
-Тус улсын Засгийн газрын тэтгэлэгт орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичгийн эх хувь 
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар 
-Шалгалтын хураамж 5000 төгрөг

4.Докторант нь: 

-Магистрын диплом, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар; 
 -Ажил байдлын тодорхойлолт;                  
-Өөрийн судалгааны ажлын чиглэлээр бичсэн товч реферат (1000-аас цөөнгүй үгтэй); 
-Тус улсын сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг
-Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт; 
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар 
-Шалгалтын хураамж 10000 төгрөг

5.Мэргэжил дээшлүүлэгч нь: 

-Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар. 
-Ажил байдлын тодорхойлолт;        
-Тус улсын сонгон шалгаруулалтанд орохыг зөвшөөрсөн ажлын газрын албан ёсны бичиг
-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар; 
-Шалгалтын хураамж 10000 төгрөг

Гурав. Сонгон шалгаруулалт


ОХУ, Украйн, Словак улсын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалт нь    3 үе шаттай. Орос хэлний шалгалтыг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хариуцан зохион байгуулна. Мэргэжлийн шалгалтыг БСШУЯ хариуцан зохион байгуулна. Оролцогчдын оноо тэнцвэл сурлагын голч дүнг харгалзах ба уг оноо мөн тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дундаж дүнг харгалзана. 

Орос хэлний шалгалтыг 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулна. Шалгалтын оноог 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан хүмүүсийг дараагийн мэргэжлийн шалгалтад оруулна. Мэргэжлийн шалгалтыг 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагт БСШУЯ зохион байгуулж, шалгалтын оноог 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Мэргэжлийн шалгалтад нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. 

Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. 

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 2 шалгалтын нийлбэр оноогоор жагсааж, шалгаруулна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн бакалаврын шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсээс орос хэлний ярилцлагыг ОХУ-ын ЭСЯ болон Монголын БСШУЯ-ны хамтарсан комисс авна. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийн нэрс болон ярилцлагын цагийг 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18.00 цагт БСШУЯ-ны үүдэнд зарлана. Ярилцлагад орох хүмүүс нь иргэний үнэмлэхээ авч ирэх шаардлагатай. 

Докторантурт суралцахаар болон мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулна. 

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ОХУ, Украйн, Словак улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд сургах тухай эцсийн шийдвэрийг дээрх улсын Боловсролын яам, хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Нэр дэвшигчдийн суралцах хот, сургуулийн хуваарийг хүлээн авах тал шийдвэрлэнэ. Суралцах урилга хүлээн авах хүртэл оюутан нь сургуульдаа үргэлжлүүлэн суралцах ёстой. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь гэрчилгээгээ гардан авмагц гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон гэрчилгээг орос хэл дээрх орчуулгыг орчуулгын товчооны тамгаар баталгаажуулсан хуулбарыг тус бүр 4 хувь үйлдэн БСШУЯ-нд авчирч өгнө. 

Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд хүлээн авах тал үнэ төлбөргүй суралцуулж, амьжиргааны тэтгэлэг олгоно. ОХУ-д суралцах хүмүүс жилийн 250 ам.долларын эрүүл мэндийн даатгалд хамрагдах, мөн дотуур байрны төлбөрийг амьжиргааны тэтгэмжээсээ төлөх ёстойг анхааралдаа авна уу. Украин, Словак улсын бакалаврын сургалтад хамрагдах хүмүүс нэг жилийн хэлний бэлтгэл сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Украинд хэлний бэлтгэл хийх хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгохгүй болохыг анхааралдаа авна уу.  

 

 

ЖИЧ: Тус тэтгэлэгт суралгалтанд хамрагдахыг хүсэгчид ГХХАГазрын 218 тоот өрөөнд 2010 оны 3 сарын 11-ний дотор ирж бүртгүүлэх ба зөвхөн бакалаврын оюутнуудыг бүртгэнэ. Бүртгүүлэхээр ирэгчид өөрийн сургуулиас тодорхойлолт, дүнгийн хуудас, цээж зураг /файлаар/, бүрэн дунд боловсролын гэрчилгээнд нэг ч “С” дүнгүй байх, бүртгэлийн хураамж 5000 төгрөгтэй ирнэ үү.  

Мөн бүртгэлийн үед шалгуулагч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны 433 дугаар тушаалаар баталсан “Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу суралцах мэргэжлийн чиглэлтэйгээ уялдуулан мэргэжлийн шалгалтыг “математик”, “хими”, “нийгмийн тухай мэдлэг” гэсэн хичээлүүдийн аль нэгнээр өгөхөө сонгосон байна. /Уг журмыг яамны “www.mecs.gov.mn” вэб сайтын “Мэдээлэл” гэсэн хэсгийн “Гадаадад суралцахыг хүсэгчдэд” булангаас  харна уу./

 

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар