БНХАУ-д суралцуулна

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2010-2011 оны хичээлийн жилд 147 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 73 иргэн (38 бакалавр, 35 мэргэжил дээшлүүлэгч)-ийг сонгон шалгаруулж, суралцуулна.  Үүнд:


Нэг. Тавигдах шаардлага

 

1/Бакалавр: 

Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 2,5-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болон БНХАУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид 1 хичээлийн жилээс илүү хугацаагаар 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж, хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад 4 ба түүнээс дээш зэрэг авсан 25 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх. 

2/Мэргэжил дээшлүүлэгч: 


-Магистрант:
 бакалавр зэрэгтэй, 2,8-аас доошгүй голч дүнтэй, 35 хүртэлх насны;

-Докторант: магистр зэрэгтэй, 40 хүртэлх насны;

-Жирийн мэргэжил дээшлүүлэг: мэргэжлийн дунд боловсролтой болон бакалавр зэрэгтэй, 35 хүртэлх насны;

-Дээд зэргийн мэргэжил дээшлүүлэг: магистр зэрэгтэй, 40 хүртэлх насны Монгол Улсын иргэд байх.

Өмнө нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан бол тус тэтгэлгийг дахин олгохгүй болно.

Хоёр.Бүртгэл


Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй хүмүүс нь өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус бүр 30 хүртэл, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Боловсролын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль тус бүр 15 хүртэл, бусад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж нь тус бүр 5 хүртэл оюутныг урьдчилан шалгаруулж, оюутан тус бүрийн 3000 төгрөгийн шалгалтын хураамжийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ. 

 

БНХАУ-д суралцаж буй хүмүүс нь 2010 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт өөрийн биеэр ирж, бүртгүүлнэ. 

Бүрдүүлэх материал:

 

-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-Бүрэн дунд боловсролын гэрчилгээ;

-Бэлтгэл ангийн сурлагын дүнгийн тодорхойлолт;

-Хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтын гэрчилгээний эх хувь;

-Шалгалтын хураамж 3000 төгрөг.

Мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй хүмүүс нь доор дурдсан баримт бичгийг эх хувиар нь бүрдүүлэн 2010 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны нэгдүгээр давхарт өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.


Бүрдүүлэх материал:

 

-Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-Ажил байдлын тодорхойлолт;

-Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

-БНХАУ-д бакалаврын боловсрол эзэмшсэн бол ямар зардлаар суралцаж төгссөн тухай сургуулийн албан ёсны тодорхойлолт,

-Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (500-аас цөөнгүй үгтэй);

-Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (соёл урлагийн чиглэлийн мэргэжил дээшлүүлэгчид өөрийн 2 бүтээлийг CD, VCD-нд буулган хавсаргана); -Шалгалтын хураамж 5000 төгрөг. 
 

Гурав. Сонгон шалгаруулалт


БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг БНХАУ-ын Боловсролын яамны холбогдох журмын дагуу БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хариуцан зохион байгуулна. Шалгуулагчдын “математик”, “англи хэл”, “хятад хэл”-ний мэдлэг, чадварыг нэгдсэн тестээр шалгаж, дүгнэнэ.

Бакалаврын сургалтанд хамрагдах хүмүүсээс дээрх шалгалтыг 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 10.00 цагт авна. Шалгалтыг МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 дугаар давхарын уншлагын танхимуудад зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй. 

 Мэргэжил дээшлүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийн баримт бичигт үнэлэлт, дүгнэлт өгөх хэлбэрээр сонгон шалгаруулж, шалгарсан хүмүүсийг ярилцлагад оруулна. 

Шалгалтын дүн болон ярилцлагад орохоор шалгарсан хүмүүсийн нэрсийг 3 дугаар сарын 31-ний өдрийн 17.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр зарлана. Ярилцлагад орохдоо дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж буй хүмүүс нь иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суралцаж буй хугацааныхаа сурлагын болон голч дүнгийн тодорхойлолтоо, харин БНХАУ-д суралцагч болон мэргэжил дээшлүүлэгч нь бүртгүүлэхдээ бүрдүүлсэн материалуудыг эх хувиар нь авч ирэх шаардлагатай. Ярилцлагын цагийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны үүдний самбар дээр жич зарлана. Сонгон шалгаруулалтын дүнд ямар нэгэн тайлбар хийхгүй тухай БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна.   

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг БНХАУ-ын их, дээд сургууль, коллежид суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг БНХАУ-ын Боловсролын яам, хүлээн авах сургууль хоёр хамтран гаргана. Суралцахаар урилга хүлээн авсан оюутан, мэргэжил дээшлүүлэгч нь хятадын талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс нь үргэлжлүүлэн Засгийн газрын тэтгэлгээр үндсэн сургалтад хамрагдана. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд сургалтын төлбөр, амьжиргааны тэтгэлгийг БНХАУ-ын Засгийн газраас санхүүжүүлнэ. 
  

ЖИЧ: Бакалаврын шалгалтад орох хүсэлтэй оюутнууд 2010 оны 3 сарын 17-ны дотор ГХХАГазрын 218 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ. Бүргүүлэхдээ: Дүнгийн хуудас, сургуулийн тодорхойлолт, цээж зураг (файлаар), 3000 төгрөгийн хуурамжтай ирж бүртгүүлнэ.

 

Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагааны Газар