Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Т.Намнан нар Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөрийн зохицуулагчаар шинээр томилогдсон ноён Али Куртыг хүлээн авч уулзан, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр ТИКА байгууллагаас Монгол Улсын боловсролын салбарт олон жилийн турш үзүүлж ирсэн дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнг онцлон тэмдэглэв. Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд тусгай хэрэгцээт суралцагчдад зориулсан анги, танхим байгуулах, ШУТИС-д Жазари лаборатори байгуулж, тохижуулах зэрэг ажлаар дамжуулан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш хамруулах сургалтын орчныг сайжруулахад хувь нэмэр оруулсанд талархал илэрхийллээ.

Талууд цаашдын хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн Жазари лабораторийн туршлагад тулгуурлан “ШУТИС-ФабЛаб” сүлжээг бий болгож, орон нутагт үе шаттайгаар өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Энэхүү санаачилга нь инженерийн бүтээлч сэтгэлгээ, технологийн боловсрол, инновацын үйл ажиллагааг дэмжих, суралцагчдын практик ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна.
Мөн ШУТИС-ийн дэргэд байгуулагдах Инженер, технологийн төрөлжсөн ахлах сургуульд STEM боловсролын иж бүрэн лаборатори байгуулах, байгаль орчны хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр “Хог тэглэх” сургалт, судалгааны лаборатори байгуулах асуудлаар санал солилцлоо.

Түүнчлэн хүний нөөцийн хөгжлийг дэмжих хүрээнд монгол иргэдийг БНТУ-д нарийн мэргэжлийн чиглэлээр магистр, докторын түвшинд сургах, багш, судлаач, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.
Уулзалтаар Турк Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, монгол болон турк хэлийг хамтад нь эзэмших боломжтой боловсролын орчин бүрдүүлэх асуудлыг мөн хөндсөн юм.
ТИКА байгууллага нь 2006 оноос хойш Монгол Улсад 950 гаруй төсөл хэрэгжүүлсний 300 орчим нь боловсролын салбарт чиглэсэн байна. Тус байгууллагын дэмжлэгтэйгээр ШУТИС-д байгуулсан Жазари лаборатори нь инженер, технологийн боловсролын чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх нэгэн суурь болж байна.

Энэхүү уулзалт нь өмнөх хамтын ажиллагааны үр дүнд тулгуурлан STEM боловсрол, инженерийн сургалт, судалгаа, инновацын орчныг хөгжүүлэх, орон нутгийн суралцагчдад технологийн боловсролын боломжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтой боллоо.
ОХУ-ын Үндэсний судалгааны их сургууль "МЭИ"-ийн ректор Н.Д. Рогалев Монголын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг хүртэв.
“Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний 34-р хурал Өмнөговь аймгийн Даланзадгадад боллоо
“Арьс шир, ноос ноолууран түүхий эдийн чанар, үнэ цэнийн сүлжээ, инноваци” эрдэм шинжилгээний онол, практикийн хурал зохион байгуулагдлаа
ШУТИС, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлагтай STEM боловсрол, инновацын чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцлээ
ШУТИС-ийн 3Х3 сагсан бөмбөгийн баг Азийн оюутны аваргын тэмцээнд амжилттай оролцлоо