Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол, Германы их, дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нийт долоон баримт бичиг байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь ХБНГУ-ын Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургууль, Дрездений Техникийн их сургууль, Хемницийн технологийн их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хоёр улсын инженер, технологийн боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам хийлээ.
Монгол, Германы боловсролын салбарын 100 жилийн түүхтэй хамтын ажиллагааг бататгах энэхүү санаачилга нь их, дээд сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, профессор багш, судлаач, оюутнуудын академик солилцоог нэмэгдүүлэх, хамтарсан сургалт, судалгаа, төсөл хэрэгжүүлэх боломжийг өргөжүүлж байгаагаараа онцлог юм.
Түүнчлэн уул уурхайн бүс нутгийн ус, байгаль орчны менежмент, уурхайн хаалтын дараах ландшафтын нөхөн сэргээлт, цахилгааны инженерчлэл зэрэг чиглэлээр бакалаврын түвшинд 2+2, ахисан түвшинд 1+1 хэлбэрийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх шинэ боломж бүрдэж байна.
Эдгээр чиглэлийн хамтын ажиллагаа нь олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургуультай хамтран ажиллана

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Эрдэнэс ҮТП ХХК болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт ШУТИС-ийн ректор, доктор, профессор Төмөрпүрэвийн Намнан, Эрдэнэс ҮТП ХХК-ийн гүйцэтгэх захирал Наранцацралтын Мөнх-Идэр, Фрайбергийн Уул уурхайн академийн Технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Ютта Эмес нар гарын үсэг зурав.
Энэхүү гурван талт хамтын ажиллагаа нь их сургууль, үйлдвэрлэлийн байгууллага, олон улсын академик түншлэлийг холбож байгаагаараа ач холбогдолтой.
Дрездений Техникийн их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездений Техникийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт ШУТИС-ийн ректор, доктор, профессор Төмөрпүрэвийн Намнан, Дрездений Техникийн их сургуулийн Амьдралын бүх үе шатны сургалтын асуудал эрхэлсэн проректор, профессор Нильс Модлер нар гарын үсэг зурав.
Тус санамж бичиг нь хоёр их сургуулийн боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, академик солилцоо болон хамтарсан санаачилгуудыг хөгжүүлэх суурь болох юм.
Хемницийн технологийн их сургуультай санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хемницийн технологийн их сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт ШУТИС-ийн ректор, доктор, профессор Төмөрпүрэвийн Намнан, Хемницийн технологийн их сургуулийн ректор, доктор, профессор Герт Штромайэр нар гарын үсэг зурав.
Энэхүү хамтын ажиллагаа нь инженер, технологийн боловсрол, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хоёр их сургуулийн харилцааг хөгжүүлэх шинэ боломжийг нээж байна.
Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалын хүрээнд байгуулсан эдгээр санамж бичиг нь ШУТИС-ийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, инженер, технологийн боловсролыг дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулах, сургалт, судалгаа, инновацын хамтарсан үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Цаашид талууд хамтын ажиллагааны хүрээнд профессор багш, судлаач, оюутны солилцоо, хамтарсан сургалтын хөтөлбөр, эрдэм шинжилгээний судалгаа, төсөл хөтөлбөрийг хөгжүүлэх боломжтой болж байна.
ШУТИС нь олон улсын нэр хүнд бүхий их сургуулиудтай түншлэлээ өргөжүүлж, Монгол Улсын инженер, технологийн боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжилд хувь нэмэр оруулах хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
ШУТИС Германы гурван их сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Инженерийн боловсролын чанарыг олон улсын түвшинд үнэлүүлэх нэгэн чухал үе шат хэрэгжлээ
“Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” VI симпозиум ШУТИС-д болж байна
ШУТИС-ийн ХШУС-ийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Нанжины Аж Үйлдвэрийн Их Сургуулийн профессоруудын айлчлал
Монгол улс, БНАСАУ-ын дипломат харилцаа тогтоосны 78 жил, Солонгосын Хөдөлмөрийн Нам байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан уулзалт, ярилцлага ШУТИС-д боллоо