Коронавируст батлагдсан халдварын тоо огцом нэмэгдэн, УОК-с Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёрдугаар түвшнээс улбар шар буюу гуравдугаар түвшинд шилжүүлсэнтэй холбогдон, мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, чиглэлийг үндэслэн доор арга хэмжээг ШУТИС-ийн хэмжээнд авч хэрэгжүүлэхээр ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн шийдвэр (2021.03.16) гарсан болно. Үүнд:
- Батлагдсан халдварын ойрын болон дам хавьтал болж буй ШУТИС-ийн багш, ажилчдын тоо сүүлийн үед нэмэгдэж байгааг анхаарч, ажлын байранд тархсан халдвар хамт олны дунд гарч болох эрсдэлээс бүрэн сэргийлэх арга хэмжээг авах;
- Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар буюу гуравдугаар түвшинд шилжүүлсэн хугацаанд ШУТИС-ийн Хичээлийн байруудын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах;
- Зөвхөн зайлшгүй ажиллах шаардлагатай захиргааны, санхүүгийн, үйлчилгээний ажилтнуудыг ажлын байранд, тусгайлсан хуваарийн дагуу хамгийн бага боломжит тоогоор ажиллуулах. Бусад хүмүүсийг гэрээс ажиллуулах;
- Багш нарыг ажлын байранд ирэхийг энэ хугацаанд бүрэн хязгаарлан, сургалтын үйл ажиллагаанд гэрээс оролцуулах;
- Их сургуулийн хэмжээнд цэвэрлэгээ, ариутгалын ажлыг чанаржуулж, өдөр тутам хяналт тавих;
- Цаашид авах яаралтай арга хэмжээний чиглэлийг тухай бүр цаг алдалгүй хүргүүлж ажиллах;
Багш, ажилтан та бүхнийг холбогдох шийдвэрийг даган мөрдөж, өөрсдийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалан ажиллахыг хүсье.
ШУТИС-ийн ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ТӨВ