Монголын багш нарын өдрийг угтан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг зохион байгуулж байна

Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг угтан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэлээс эхлээд дээд боловсролын дипломын лавлагаа хүртэлх боловсролын бүх шатны үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийг харуулахад чиглэжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ технологийн дэвшил, мэдээллийн хурдацтай өсөлт нь сурах үйл ажиллагааны мөн чанарыг эрс өөрчилж, улам бүр хувь хүнд чиглэсэн, хамтран бүтээх шинжтэй болж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэсгэлэнгээр зочилж, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа цахим технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцав. Тус үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр болон албаны бусад төлөөлөгчид “ШУТИС-ийн музей”-д зочлов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Тус үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа цахим технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дараах багц мэдээллийг багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, сурагч, оюутнуудад зориулан танилцуулж байна.

  • Боловсролын салбарын мэдээллийн систем, түүгээр дамжуулан иргэдэд, олон нийт, шийдвэр гаргагч нарт хүргэж буй цахим үйлчилгээ
  • Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хяналт, төлөвлөлтийн цахим систем
  • Уламжлалт сургалтын үйл явцыг мэдээллийн технологитой интеграцчилсан сургалтын удирдлагын систем (Хувийн хэвшил)
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим систем (Боловсролын үнэлгээний төв)
  • Их дээд сургууль дээр хэрэгжүүлж буй цахим үйлчилгээ болон сургалтын удирдлагын систем (Их, дээд сургууль)

“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн энэ сарын 5-ныг дуустал ШУТИС-ийн Хичээлийн VIII байрны 12 давхрын үзэсгэлэнгийн зааланд үргэлжлэх юм.

Үзэсгэлэнгийн хүрээнд Улаанбаатар хот, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан нарт зориулсан сургалтын удирдлагын систем (LMS)-ийн ерөнхий ойлголт, мэдээлэл, давуу тал, хэрэгжүүлсэн сургуулиудын үр дүнгийн талаар сургалт зохион байгуулж байгаа юм.