Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхим Япон улсын Бүнкёо их сургуультай хамтран япон хэлний танилцах дадлагыг амжилттай зохион байгууллаа

2011 оноос эхлэн Япон улсын Бүнкёо их сургууль, ШУТИС-ийн ГХС-ийн япон хэлний багш оюутнуудтай хамтран япон хэл, соёлын дадлагыг хийж эхлэсэн. Энэхүү дадлага жил бүр уламжлал болгон явагддаг бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилийн дадлага 2019 оны 8-р сарын 28-ны өдрөөс 9-р сарын 2-ны өдөр хүртэл япон талаас Макото Сакай, Чика Ёшока, Танака Ёшү багштай 24 япон оюутан, монгол талаас О.Халиун, Б.Арваазана багштай 14 монгол оюутан, нийт 43 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай зохион явагдлаа.

Дадлага эхлэхийн өмнө 2 тал дадлагын хөтөлбөрийг харилцан тохиролцож гаргадаг. Энэ удаагийн дадлага хотын болон хөдөө орон нутгийн гэсэн 2 чиглэлээр хийгдлээ.

Хотын чиглэлээр оюутнууд: ШУТИС-ийн хичээлийн байрыг үзэж, хичээлийн жилийн нээлтэд оролцож мөн Гандантэгчилэн хийд, Чингис хааны талбай, Говь ХХК–ны үйлдвэр болон нэрийн барааны дэлгүүр, Зайсан толгой, Зайсан Хилл, Үндэсний түүхийн музей, Улсын их дэлгүүр зэрэг газраар аялаж “Түмэн эх” чуулгын тоглолтыг үзэж сонирхлоо.

 

Хөдөө орон нутгийн чиглэлээр: “Цонжин болдог” аялал жуулчлалын газар, Төв аймгийн Баянцогт суманд байрлах “Монголын тал нутаг” жуулчны баазаар аялсан. Жуулчны баазад монгол соёлын танилцуулах өдөрлөг зохион байгуулж оюутан Болор-Эрдэнэ “Би Монгол хүн” шүлэг уншиж, Отгонсүрэн, Нямхүү нар монгол ардын бүжиг бүжиглэв. 24 япон оюутанг 4 хэсэгт хуваан монгол бичиг, шагай, оньсон тоглоом, монгол үндэсний хувцас өмсгөх, монголд үйлдвэрлэсэн чихрийн  амталгаа, бууз хийх зэрэг тэмцээн уралдааныг зохион явуулж монгол соёлтой танилцуулав.  Мөн монгол айлд зочилж монгол хоол идэж, морь унасан.

 

Япон оюутнууд маань 9-р сарын 2-ны өдөр ШУТИС-ийн Хурлын зааланд Япон орны талаарх танилцуулгыг хийсэн. Энэхүү үйл ажиллагаанд ГХС-ийн захирал Б.Соёлсүрэн, АСТ-ийн эрхлэгч Л.Чойжилмаа болон ГХС-ийн багш, ШУТИС-ийн оюутнууд оролцлоо. Танилцуулгын дараа ГХС-ийн Ази судлалын тэнхимийн япон хэлний ангийн оюутнуудад японы цаасан урлаг, сумо бөх, обон бүжиг, япон цай, юката хэрхэн өмсгөх талаар зааж сургалаа.  

 

Энэ удаагийн дадлага амжилттай өндөрлөж 2 сургууль харилцаагаа цаашид улам өргөжүүлж хамтран ажиллахаар ярилцан тохиролцов.

Ази судлалын тэнхим