Газрын тос-2019 (Oil & Gas-2019) олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурал

ШУТИС-ийн Газрын тосны инженерийн салбараас жил бүр Эх орны Газрын тосны салбарын ажиллагсадын өдрийг тохиолдуулан салбарын Яам, Агентлаг, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний энэ жилийн 25 дахь удаагийн хурал саяхан болов. Уг хуралд дотоод гадаадын эрдэмтэн судлаачид, багш оюутнууд, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл нийт 200 гаруй хүмүүс оролцож, 13 илтгэл хэлэлцэж, Газрын тосны геологи, геофизикийн судалгаа, баялаг, нөөцийн менежментийн системээс өрөмдлөг, олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, газрын тос, хий, бүтээгдэхүүний дамжуулалт хангамж, аюулгүй ажиллагаа, экологи, байгаль хамгаалал, эрх зүйн асуудлуудыг хамарсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явагдаж, нийт 33 илтгэл, бусад мэдээллийг нэгтгэсэн 266х (33.25хх) Газрын тос-2019 бүтээлийн эмхэтгэлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл (ISSN1560-8794) байдлаар хэвлэж түгээв. Хуралд амжилт ерөөж ШУТИС-ийн Ректор, профессор Б.Очирбат мэндчилгээ ирүүлсэн ба ГУУС-ийн захирал, профессор Л.Пүрэв, АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяр нар хурлыг нээж үг хэлэв.

Уг хуралд ШУТИС, түүний бүрэлдэхүүний сургуулиуд, МУИС, Дорнод их сургууль, БХИС, БНХАУ-ын Дачин хот дахь Зүүн хойт нутгийн Газрын  тосны их сургууль (North East Petroleum University-NEPU)-ийн эрдэмтэн багш нар илтгэл тавьж оролцов.   

 

Энэ жилийн хурлын гол онцлаг нь Газрын тосны салбарын мэргэжлийн, тухайлбал, инженер-технологийн мэргэжлийн хүний нөөцийн сургалт-дадлагажуулалт-ажил эрхлэлтийн асуудал байсан бөгөөд энэ асуудлаар ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженерийн салбарын Зөвлөх профессор, Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төвийн захирал, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, профессор Ж.Цэвээнжав тэргүүн илтгэлийг тавьж хэлэлцүүлэв.

 

Манай газрын тосны хайгуул-олборлолтын үйл ажиллагаанд ихээхэн хөрөнгө оруулж, Дорнодын Тамсаг, Тосон уулын 19, 21-р талбайд газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа Петрочайна-Дачин-Тамсаг ХК-ны Ерөнхийлөгч Жанг Хонг Фу (Jiang Hong Fu) өөрийн биеэр морилон оролцож, Тамсагийн газрын тосны олборлолтын төлөв байдал, цаашдын хандлагын талаар мэдээлэл хийж, Монголын Газрын тосны залуу мэргэжилтнүүдийг хүлээн авч, дадлагажуулан ажиллуулахаа илэрхийлэв. Мөн газрын тосны хайгуулын Петроматад ХХК-ны ажилтан АНУ-ын геологич Жастин хайгуулын ажлынхаа талаар товч мэдээлэл хийв.

 

Хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдээс эрдэмтэн судлаачдаас Газрын тосны Зөвлөх инженер Л.Алтангэрэл, доктор Д.Буян-Арвижих, доктор Д.Алтанхуяг нарын “Газрын тосны баялгийн менежментийн систем” илтгэл, мөн өмнө 3-р сард болсон Газрын тосны оюутнуудын эрдэм шинжилгээний хурлаас магистр Ж.Чанцалнямын (удирдагч-доктор, дэд профессор М.Оюунтөгс) “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн албанд олон улсын стандартуудыг нэвтрүүлсэн туршлагаас”, баклаврын Ө.Нэргүйн (удирдагч-доктор Б.Наранцэцэг) “Газрын тосны салбарт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж, шаардлага” илтгэл тус тус шилдгээр шалгарч ШУТИС, УУХҮЯ-АМГТГ, МГТИН-ийн Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсаныг Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Оюунтөгс, АМГТГ-ын Газрын тосны олборлолтын хэлтсийн дарга, магистр С.Пүрэвжав, Антрактид судлалын төвийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор, Элчин сайд Л.Дүгэржав, МГТИН-ийн нарийн бичгийн дарга, доктор А.Баасанжаргал, Монголын ашигт малтмал, газрын тосны лабораториудын Тэргүүн, доктор, дэд профессор В.Алимаа нар гардуулав.