Үндэсний роботын аварга шалгаруулах “РОБОКОН 2019” тэмцээнд ШУТИС-ийн багууд түрүүллээ

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Цахим алт”, “High Tech” багууд үндэсний роботын тэмцээний аварга багаар тодорлоо. Ази номхон далайн бүсийн орнуудын робот зохион бүтээгч оюутан залуусын дунд зохион байгуулагддаг “ABU Робокон” олон улсын тэмцээн 18 жилийн түүхэндээ анх удаа Монгол улсад “ABU Ulaanbaatar 2019” нэртэйгээр 2019 оны 08 сарын 25-ны өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээн нь анх удаа 4 хөлт алхдаг робот зохион бүтээж байгаагаараа онцлог юм. Тус олон улсын роботын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх багаа тодруулах зорилготой “Үндэсний роботын аварга шалгаруулах тэмцээн”  Буянт-Ухаа спортын ордонд 2019 оны 04 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Үндэсний роботын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд их дээд сургуулийн нийг 16 баг өрсөлдсөнөөс  өнгөрсөн жилийн үндэсний ялагч, олон улсын “ABU Робокон” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, “Мабучи моторс авард” тусгай шагнал хүртсэн  ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн “Эрчим”, Коосэн технологийн коллежийн “Ган робот”, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн “Цахим алт”, “High tech”, Механик тээврийн сургуулийн “Basaltwool”, “Mech tron” гэсэн 6 багийг ШУТИС-иас оролцууллаа. 

Тэмцээний шигшээ тоглолтонд ШУТИС-ийн багууд илт давуу амжилт үзүүлэн ШУТИС-ийн “Ган робот”, “Цахим алт”, “High Tech”, “Basaltwool” багууд шалгарч тэмцээний аваргын төлөө Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Цахим алт, High Tech багууд учраа тааран “Цахим алт” баг 72 секундэд “Уухай” буюу цэвэр ялалтаар үндэсний аварга багаар шалгарлаа.

Ийнхүү Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш доктор Ч.Хүрэлбаатар, Б.Дорж нарын удирдсан хоёр баг үндэсний роботын тэмцээний ялагчаар тодорч олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болж их сургуулийнхаа түүхт 60 жилийн ойд өндөр амжилт үзүүллээ.

Үндэсний роботын тэмцээний ялагч Цахим алт баг

 

Үндэсний роботын тэмцээний II байр. High Tech баг,  III байр. МеХТС “Basaltwool баг

Үндэсний роботын тэмцээний тусгай байр ШУТИС-Коосэн технологийн коллежийн “Ган робот” баг

Тэмцээний гуравдугаар байранд Механик тээврийн сургуулийн багш П.Чойсүрэн, Ж.Давааням нарын удирдсан “Basaltwool”, тусгай байранд ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн багш Б.Болдмаагийн удирдсан “Ган робот” багууд тус тус шалгарч амжилтаа ахуиллаа. Үндэсний роботын аварга багаар шалгарсан “Цахим алт” багийн хувьд бүх өрсөлдөгчөө цэвэр ялалтаар буулган авсан ба тэмцээний “шилдэг инженерийн шийдэл” шагналыг мөн хүртсэн юм.

Олон улсын тэмцээний дүрмийн дагуу зохион байгуулагч улс 2 багаа оролцуулах эрхийн дагуу Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн Цахим алт, High Tech багууд 8 сарын 25-нд болох “ABU Ulaanbaatar 2019” олон улсын роботын тэмцээнд оролцохоор боллоо.   

Энэ удаагийн робокон тэмцээний бэлтгэл болгож Эрдэм шинжилгээ, инновацийн газраас нийт 3 удаагийн сорилго тэмцээнийг зохион байгуулсан ба ШУТИС-ийн Технологийн сан болон бүрэлдэхүүн сургуулиудаас санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Мөн түүнчлэн Дээд боловсролын шинэчлэлийн төслийн Оюутны санаачлагыг дэмжих төсөлд “Роботын талбай засах” оюутны төслийг дэвшүүлж МХТС-ийн III дамжааны оюутны багаар олон улсын дүрмийн дагуу туршилтын талбай байгуулж өөрийн сургуулийн багуудаа туршилт хийх боломжоор хангаж өгсөн нь үр дүнтэй байлаа. Цаашид олон улсад өрсөлдөх багууд роботоо шинэчлэн тус талбайд туршилтаа явуулах юм. 

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР