ШУТИС-ийн Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг 2019 оны оюутны аваргаар тодорлоо

Монгол Улсын Оюутны аварга шалгаруулах 2019 оны сагсан бөмбөгийн тэмцээн 3 дугаар сарын 15-20-нд ШУТИС, Сити ИС-ийн спорт заалаанд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 19 их, дээд сургуулийн эрэгтэй 19, эмэгтэй 13 багийн 380 гаруй оюутан тамирчид оролцон хурд хүчээ сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнийг Монголын Сагсан бөмбөгийн холбооны шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар МОСХ, ШУТИС хамтран ажиллаа. Тэмцээний хаалтын ёслолд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Энхтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийн ахлах дасгалжуулагч С.Тулга, сагсан бөмбөгийн ОУ-ын шүүгч Б.Ганзориг нар оролцож шилдэг баг тамирчдын шагналыг гардуулан өгөв.

Тэмцээнд оролцсон эрэгтэй багуудаас 1-р байранд спортын мастер М.Амаржаргал дасгалжуулагчтай, П.Мөнх-Оргил ахлагчтай ШУТИС, 2-р байрт спортын мастер Ж.Отгондарь дасгалжуулагчтай, Б.Баттулга ахлагчтай ХҮИС, 3-р байрт спортын мастер Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай, А.Энхбаясгалан ахлагчтай МУИС-ийн багууд шалгарсан.

Эмэгтэй багуудаас 1-р байрт спортын мастер Р.Гантулга дасгалжуулагчтай, У.Содцэцэг ахлагчтай МУИС, 2-р байрт Б.Пүрэвдорж дасгалжуулагчтай, Б.Солонго ахлагчтай СЭЗИС-ийн баг, 3-р байрт Л.Ижилболд дасгалжуулагчтай ОТИС-ийн баг тамирчид эхний байруудад шалгарч оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байрт спортын мастер Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай МУИС, хоёрдугаар байрт спортын мастер М.Амаржаргал дасгалжуулагчтай ШУТИС, гуравдугаар байрт Б.Пүрэвдорж дасгалжуулагчтай СЭЗИС-ийн баг тамирчид шалгарлаа.

ШУТИС-ийн сагсан бөмбөгийн үе үеийн шигшээ баг нь  олон удаа оюутны аварга болж байсан төдийгүй  2014 оноос хойш тасралтгүй 5 удаа  аваргаар тодорлоо

Дасгалжуулагч болон баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье

 БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭНХИМ