ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаан боллоо

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд:

1.ШУТИС-д Ахисан түвшний сургуулиуд байгуулах, зарим бүтцийн нэгжүүдийг өөрчлөн зохион байгуулах тухай асуудлыг ажлын хэсгийн дарга, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан танилцуулав. Гишүүдийн олонхийн саналаар ГХИ-ийг татан буулгаж Гадаад хэлний сургууль болгох, ЕНИ, ОУДБСТ, БХТ-ийг нэгтгэж Нээлттэй боловсролын сургууль болгон өөрчлөн зохион байгуулах, Хөгжлийн үзүүлэлт, статистикийн албыг татан буулгаж Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газарт нэгтгэх, Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албыг Бүртгэлийн нэгдсэн алба, Мэдээллийн технологийн төвийг Мэдээллийн технологийн алба болгон тус тус өөрчлөн зохион байгуулах, Технологи дамжуулах төвийг шинээр байгуулах, БАТС-ийг санхүүгийн хувьд бие дааж ажиллуулах,  Инженерийн ахисан түвшний сургуулийг /ИАТС/ ЭХС, МехТС, МХТС дээр түшиглэн байгуулахыг дэмжиж, эдгээр бүтэц, зохион байгуулалтын саналыг УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

2.“ШУТИС-ийн түүхэн замнал” цуврал номын бичилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар МехТС-ийн зөвлөх профессор, академич Ч.Авдай мэдээлэв. Энэхүү түүхэн ном бичих ажил нь ШУТИС-ийн 60 жилийн ойг угтсан ажлын хүрээнд сургуулийн түүх, соёл, үнэт зүйлсийг хамгаалах, түүхэн хөгжлийн замналыг үнэн зөв бичиж олон нийтэд хүргэх зорилгоор Захиргаанаас гаргасан санаачилга бөгөөд гишүүдийн саналаар дэмжигдэж, ЭЗ-ийн зөвлөмж гарав. Үүнд:

“ШУТИС-ийн түүхэн замнал” цуврал бүтээлийг түүхэн баримт, мэдээ мэдээллийг нягтлан судалж, нийт хамт олны идэвхтэй оролцоонд тулгуурлан хариуцлагатай бичиж туурвихыг редакцийн зөвлөлд Зөвлөмж болгож, бичиж, хэвлүүлэх холбогдох зардлыг 2019 оны төсөвт тусган ажиллахыг хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн, санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал нарт даалгав.

3. ШУТИС-ийн үндсэн сурах бичиг хэвлүүлэх ажлын явцыг Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од танилцууллаа. ШУТИС-ийн түүхт ойг угтсан ажлуудын нэг нь 60 үндсэн сурах бичиг бичиж хэвлүүлэх ажил бөгөөд  сургалтын чанарыг дээшлүүлэх, ном сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү хурлаар ШУТИС-ийн үндсэн сурах бичиг бичиж хэвлүүлэх ажлыг эрчимжүүлж, холбогдох төлөвлөгөөний дагуу бүрэн хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхий редакцийн зөвлөл, бүрэлдэхүүн сургуулиудад зөвлөмж болгож, үндсэн сурах бичгүүдийг хэвлүүлэх ажлын зардлыг 2019 оны төсөвт тусгах, гурвалсан гэрээ байгуулж дэмжиж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад даалгаж, сургалтад хүртээмжтэй хэлбэрээр ашиглаж, сургалтын үйл ажиллагааны чанарыг дээшлүүлж ажиллахыг профессор багш нар, салбар, тэнхимийн эрхлэгч нарт үүрэг болгов.

4. ШУТИС-д чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх төслийг Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү танилцуулав. Гишүүдийн саналаар 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн ШУТИС-ийн хэмжээнд Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхийг дэмжих, их сургуулийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулан мөрдөх, дотоод болон гадаад хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэн чанарын баталгаажуулалтыг хангах талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллахыг ШУТИС-ийн Захиргаа, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдэд зөвлөмж болгох, гүйцэтгэл, үр дүнг тооцож ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.      

Эдгээр зөвлөмж, шийдвэрүүдийг 2019 оны эхний улиралд багтаан үе шаттай хэрэгжүүлэх, ШУТИС-ийн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан зохион байгуулах юм.

МУ-ын ЗГ-аас гаргасан Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн дээрх асуудлууд чухал түлхэц өгөх юм.

2019 оны эхний Эрдмийн зөвлөлийн хуралдаанаар их сургуулийн бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийг хэлэлцэж шийдвэрлэх, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

ШУТИС-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР