ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

2020 оны 03 дугаар сарын 03                 Дугаар: 04                            Улаанбаатар хот

 

Захирлын зөвлөлийн хурал 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1010 цагт эхэлж 1315  цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар /онлайн/, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Ганхуяг, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга С.Дэлгэрмаа нар, захирлын зөвлөлийн гишүүнийг түр эзгүйд Гадаад хэлний сургуулийн дэд захирал Ц.Энхбаатар хуралд орлон оролцов.

Чөлөө авсан: Гадаад хэлний сургуулийн захирал Б.Соёлсүрэн, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Мягмарренчин, хуралд суугаагүй ОрТС-ийн захирал Д.Зоригтхүү нар.

 

Хэлэлцсэн асуудал:

1. Цахим сургалтын явц, цаашид авах арга зарим хэмжээ

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

 

2. Монгол-Хятадын хамтарсан молекул биологийн хэрэглээний лабораторийг ШУТИС-д авах тухай

ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. Шинэ төрлийн COVID-19 коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж, хөл хорио тогтоон, танхимын сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосонтой холбогдуулан ШУТИС-ийн 2019/2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл сургалтыг цахим хэлбэрээр үргэлжлүүлэн явуулах, улирлын явцын сорил /1, 2/-ыг нэгтгэн авах хугацааг танхимын сургалт эхлэх хүртэл хойшлуулахаар тогтов.

2. 2019/2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд хичээл сонголт хийсэн оюутнуудын бүртгэл, сургалтын төлбөр төлөлтийн байдлыг нарийвчлан гаргах, зохиомол өр, авлага үүсгэхгүй байх талаар анхаарч ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад үүрэг болгов.

3. Төгсөх оюутны бүртгэлийг нарийвчлан гаргахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирлуудад болгов.

4. 2019/2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын кредит баталгаажуулах, төгсөх оюутны дипломын сэдэв, удирдагч, зөвлөхийг батлах тушаалыг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулахаар тогтов.

5. Цахим сургалтыг хэвийн явуулах, цаашид анхаарах зүйлсийн талаар ШУТИС-ийн захирлын албан даалгавар гарган, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдэд хүргэхээр тогтов.

6. Цахим сургалттай холбоотой Мэдээллийн технологийн төвийн сервер, технологийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг дэмжин, хэрэгжүүлж ажиллахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал /Б.Сүхбат/, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /Л.Баяр-Эрдэнэ/, Мэдээллийн технологийн төвийн захирал /Р.Төрбат/ нарт үүрэг болгов.

7. Цахим сургалтын явцад хяналт тавьж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал /Х.Энхжаргал/, бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал, салбар, тэнхимийн эрхлэгч нарт үүрэг болгов.

8. ШУТИС-ийн батлагдсан төсвийн хүрээнд 2020 оны 3 дугаар сард багш, ажилчдын цалин болон байр ашиглалтын зардалтай холбоотой зардлыг санхүүжүүлэх, захиргаа, бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн илүү цагийн ажлын хөлс, хөрөнгө оруулалт, худалдан авалт, томилолтын зардал, сургалттай холбоотой болон бусад бүх төрлийн зардлыг түр зогсоохоор тогтов.

9. Монгол-Хятадын хамтарсан молекул биологийн хэрэглээний лабораторийг ШУТИС-д авахыг дэмжин, БСШУСЯ-нд хүсэлт гаргахаар тогтов.

10. Монгол-Хятадын хамтарсан молекул биологийн хэрэглээний лабораторийг ШУТИС-д шилжүүлж авахтай холбоотой Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал /Л.Баяр-Эрдэнэ/-аар ахлуулсан өмч хүлээн авах ажлын хэсэг томилох, тус лабораторийн цаашдын үйл ажиллагааг Үйлдвэрлэлийн технологийн сургуульд хариуцуулахаар тогтов.

11. БНСУ-д шинэ төрлийн COVID-19 коронавируст халдвар эрчимтэй тархаж, халдвар авсан, нас барсан хүний тоо нэлээд нэмэгдэж байгаа энэхүү хүнд цаг үед нь тус улсын ард түмнийг дэмжин, хандив өргөх БСШУС-ын Сайдын уриалгыг дэмжиж, ШУТИС-ийн багш, ажилчдыг нэг өдрийн цалин хүртэлх хандив өргөн БНСУ-ын ард түмэнд сэтгэлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриалав.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР