ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН “ХҮРЭЛ ТОГООТ – 2011” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

БСШУ-ны яам, ШУА, ШУТИС, МЗЭХ, ТИЗСН-ээс залуу эрдэмтэн судлаачдын дунд жил бvр уламжлал болгон зохион байгуулдаг “Хvрэл тогоот-2011” эрдэм шинжилгээний бага хурал 2011 оны 10-р сарын 15-ны өдөр ШУТИС-ийн ШУТ-ийн төв номын санд амжилттай болж өнгөрлөө.
   Хурлын үйл ажиллагааг нээж ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн проректор Б.Очирбат нийт залуу судлаачид, оролцогчдод хандаж үг хэллээ.
   Уламжлал ёсоор хурлын эхэнд тавигддаг нээлттэй илтгэлийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, хурлын төгсгөлд тойм лекцийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн бодлогын газрын дарга Б.Ганбат нар тавьсан.
   Энэ жилийн залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бага хуралд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдээс гадна гадаадад сурч байгаа судлаачид, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож нийт 100 гаруй судлаачдаас 80 гаруй бүтээл ирүүлсэн бөгөөд шалгарсан 17 илтгэлийг онолын болон хэрэглээний гэсэн хоёр чиглэлд хуваан хэлэлцүүлсэн.

   Онолын салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс тэргүүн байранд МУИС-ийн ХХИС-ийн Хими, хими технологийн тэнхимийн инженер багш М.Баттулгын  “Органик гэрэл цацруулагч диодны чадлыг сайжруулахын тулд түүний анод электрод болох ITO-ийн гадаргууд электрохимийн боловсруулалт хийх”, дэд байранд  МУИС-ийн МТС-ийн багш М.Золжаргалын “Гурвалсан дүрэмт үгийн аймгийн тэмдэглүүр” сэдэвт илтгэлүүд; Хэрэглээний салбар хуралдаанд тавигдсан илтгэлүүдээс тэргүүн байранд ШУТИС-ийн ХИБС-ийн Биотехнологийн профессорын багийн сургалтын мастер Б.Мөнхцацралын “Монгол орны исланд хөвдөл (cetraria islandica l.) хагийн зарим бактерийн эсрэг үйлчилгээг судалсан үр дүнгээс”, дэд байранд Эрдэнэтийн технологийн  сургуулийн багш Х.Оюунтунгалагийн “Analysis of Rehabilitation in the Erdenet Mine Site”, тусгай байранд ШУТИС-ийн БИАС-ийн докторант Л.Пүрэвсүрэнгийн “Автозамын хучилтанд битумжсэн элсийг ашиглах нь” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
   Тэргүүн байранд шалгарсан хоёр бүтээлийг МЗЭХ, ТИЗСН-ээс БСШУ-ны яамны залуу судлаачийн грантад нэр дэвшүүлнэ.
   Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт залуу судлаачиддаа цаашдын шинжлэн судлах, бүтээн байгуулах их үйлсэд нь өндөр амжилт хүсье.


ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН ЗАЛУУ СУДЛААЧДЫН НИЙГЭМЛЭГ


ЗХШҮГ