БНСУ-ын Ёонсей их сургуулийн профессор Мүүн Хэ Сү ШУТИС-ийн хүндэт доктор болов

Солонгос улсын Ёонсей их сургуулийн профессор Мүүн Хэ Сү-д Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр боллоо. Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн, газар, албаны дарга нар оролцлоо. Үйл ажиллагааг нээж ректор Б.Дамдинсүрэн үг хэлж, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр, доктор Мүүн Хэ Сү-гийн товч намтрыг проректор Б.Очирбат уншиж танилцуулсан юм. Хүндэт докторын өмсгөл, тэмдэг, дипломыг гардуулан өгч хадаг, мөнгөн аягатай сүү, цэцгийн баглааг өргөн барьлаа.

 

Ёслолд ирсэн зочдыг төлөөлөн МТС-ийн захирал П.Мөнхбаатар үг хэлэв. Үүний дараа Хүндэт доктор Мүүн Хэ Сү ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлд хандан үг хэлсэн.
    БНСУ-ын Ёонсей их сургуулиас ШУТИС-ийн багш 6 докторыг урьж, нэг жилийн сургалтын төлбөр болох 10 орчим сая вон, амьжиргааны зардал сард 900 мянган воны тэтгэлэгийг тус тус шийдвэрлэж, хоёр жилийн хугацаанд нийт 249 сая гаруй воны хөрөнгө оруулалт хийжээ. Мөн Ёонсей их сургууль санал болгосон Солонгосын засгийн газрын тэтгэлэгт ШУТИС-ийн бакалавр 1, магистр 1, доктарант 2-ыг хамруулж тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэж өгчээ.

 

Монголд байнгын хэрэгцээтэй усыг ашиглах арга замын судалгааг 2009-2010 онд хийж гүйцэтгэн 30 сая вон олгосон байна. Түүнчлэн “Монголын газар доорх баялаг ба уул уурхайн бизнес” ном, товхимолыг хэвлүүлэхэд 25 сая воны хандив тусламж үзүүлж байжээ.


ЗХШҮГ