“Мицубиши Корпораци” ШУТИС-ийн 15 оюутанд тэтгэлэг гардууллаа

    Өнгөрсөн зургадугаар сард ШУТИС “Мицубиши корпораци”-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж манай сургуулийн ректор Б.Дамдинсүрэн, тус байгууллагын Улаанбаатар дахь тєлєєлєгчийн газрын ерөнхий менежер Хидэо Оно нар гарын үсэг зурсан билээ. Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-д бакалаврын зэргээр суралцаж байгаа 10, магистр 3, докторын 2 нийт 15 оюутанд 7.800.000 төгрөгийн тэтгэлэгийг олгохоор болсон юм. Харин 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Mitsubishi Corporation international scholarship” хөтөлбөрийн Сертификат гардуулах ёслол ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Энэ үеэр сонгогдсон 15 оюутанд ректор Б.Дамдинсүрэн болон “Мицубиши корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын мэдээлэл, санхүү бүртгэл, зохион байгуулалт хариуцсан ажилтан А.Өэлүн нар тэтгэлгийг нь гардуулан өглөө. Тус тэтгэлэгт хөтөлбөр 2011-2012 оны хичээлийн жилээс анх удаа монголд хэрэгжиж эхэлжээ.

 

    Мицубиши корпораци нь Улаанбаатар хотноо 2010 оны 4-р сарын 1-нд төлөөлөгчийн газраа албан ёсоор нээсэн бөгөөд одоогоор Францын Арева Монгол Компанитай Ураны хайгуулын чиглэлээр хамтран ажиллаж байна. Японы хамгийн том ерөнхий худалдааны компани болох тус Корпораци нь дэлхийн 80 гаруй орны 200 гаруй салбар нэгжээрээ дамжуулан бизнесийн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд өндөр хувь нэмэр оруулах, сурлага сайтай оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
2010-2011 оны хичээлийн жилд 33 орны 45 сургуулийн 487 оюутанд уг тэтгэлэгийг олгосон бөгөөд өдийг хүртэл уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан их сургуулиуд болон оюутнуудад өндрөөр үнэлэгдэж байна. “Мицубиши корпораци”-ийн хувьд энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь олон улсад хувь нэмэр оруулах нэн чухал хөтөлбөрүүдийн нэг юм.


ЗХШҮГ