ШУТИС Дэлхийн Технополисын холбооны гишүүн болов
Польш улсын Гливице хотноо Дэлхийн Технополисын холбооны удирдах зөвлөлийн хурал энэ оны 8 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд боллоо. Тус хурлаар ШУТИС-ийг Дэлхийн Технополисын холбооны гишүүнээр элсүүлсэн байна. Хуралд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн оролцоод иржээ. 
Өмнө нь тус холбооны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж ЮНЕСКО-ийн шугамаар сургалт, семинар зохион байгуулсан ба Ерөнхий сайд С.Батболд, МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн удирдлагын хүмүүстэй уулзсан байна. Уулзалтын үеэр Монгол Улсад мэдээллийн технологийн кластер байгуулах тухай ярилцжээ. Монголын мэргэжилтнүүд кластер байгуулах бэлтгэл судалгааг хийж байгаа юм байна. Ирэх арваннэгдүгээр сард олон улсын экспертийн баг ирж бэлтгэл ажилтай танилцахаар болжээ. 
Дэлхийн Технополисын холбоонд 37 орны 77 гишүүн байгууллага байдаг. Уг холбоо нь техник технологид суурилсан өндөр чадвартай ажиллах хүчин бий болгох, технологийн мэдээллийг харилцан солилцож гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаанд түлхэц болох зорилготой. Техник технологийн хөгжилд суурилсан гол гол их дээд сургуулиудын дунд өндөр технологийн үзэсгэлэн худалдаа, сүүлийн үеийн технологийг сурталчлах, дэвшилтэт технологийн талаар мэдээлэл солилцох арга хэмжээ зохион байгуулж, мэдээллийн технологийн паркыг олон нийтэд танилцуулдаг ажээ. Ирэх жил Ерөнхий Ассемблей мөн хотод зохион байгуулагдахаар товлогджээ.


ЗХШҮГ