УУИС-ийн оюутнууд ОХУ-д олон улсын оюутны зуны дадлага хийв
“Хэрэглээний Геодези” олон улсын зуны дадлагын хөтөлбөрийг УУИС-ийн Геодези, маркшейдерийн профессорын баг СГУА-тай 2011 оноос хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд харилцан оюутан солилцон дадлага хийлгэж, зохион байгуулж буй сургуулиас “СЕРТИФИКАТ” олгох юм.
УУИС–ийн Геодези, маркшейдерийн багийн геодези, маркшейдер, геодезийн мэдээлэл зүй, газрын кадастр, зураглал мэргэжлийн оюутнууд ОХУ-ын Новосибирск хотын Сибирийн Геодезийн Улсын Академид олон улсын оюутны “Хэрэглээний Геодези” зуны дадлагыг 2011 оны 7 дугаар сарын 1-14-ний хооронд амжилттай хийлээ. 
/Зураг дээр:  Геодези, маркшейдерийн салбарын тэргүүлэх профессор Д.Оюунцэцэг олон улсын зуны дадлагын хөтөлбөрт хамрагдсан багш, оюутны хамт/
Дадлагын хээрийн хэмжилт зураглалын ажлыг СГУА-ийн сургалтын полигон дээр, суурин боловсруулалтын ажлыг СГУА-ийн хичээлийн байранд тус сургуулийн багш нарын удирдлаган доор хийсэн.
ОХУ-д хийсэн оюутны зуны дадлагын зорилго нь өгөгдсөн нутаг дэвсгэрт:
1. GPS-ийн технологиор байрлалын сүлжээ байгуулах, түүний тэгшитгэн бодолт хийн, хэмжилтийн үнэлгээ хийх, 
2. Электрон тахеометрээр том (1:500) масштабын байрзүйн зураглал үйлдэж, зураг гаргах,
3. Лазер скайнераар биет юмсын 3 хэмжээст (3D) зураглал үйлдэж, 3 хэмжээст (3D) загвар зохиох явдал байсан юм.  
АНУ-ын “Trimble” фирмийн “R8-Model 2” 2 долгионы GPS, Швейцарийн “Leica” фирмийн “Total station TC405” электрон тахеометр, Австрийн “Riegl laser” фирмийн “Riegl LМS-Z420i” лазерын скайнер зэрэг багажаар зураглалын хээрийн хэмжилтийг 4 бригадад хуваагдан хисэн. Бригадууд үргэлжлүүлэн өөрсдийн хэмжилтийн үр дүнгээ ашиглан “Credo Demo”, “Cyclone 5.2.1”, “Realworks survey 5.0”, “Trimble Geomatics Office” программууд дээр суурин боловсруулалтын ажлыг гүйцэтгэв. 
/Зураг дээр:  ОХУ-ын Новосибирск хотын Сибирийн Геодезийн Улсын Академийн проректор В.А.Середович олон улсын зуны дадлагын хөтөлбөрт хамрагдсан багш, оюутны хамт/
 
Дадлага хөтөлбөрийн дагуу амжилттай болж өнгөрсөн бөгөөд СГУА-ийн зүгээс манай оюутнуудын идэвх чармайлт, ажлын үр дүнг өндрөөр үнэлж, мэдлэг чадвараа дээшлүүлсэнийг гэрчлэх “СЕРТИФИКАТ”-ыг олгосон юм.

 


ЗХШҮГ