“Интернет протоколд суурилсан хөдөлгөөнт ТВ-ийн цөм технологи” сэдэвт судалгааны төсөл хэрэгжүүлнэ
БНСУ-ын Электроник Холбооны Эрдэм шинжилгээний хүрээлэн, Мобиком корпораци, ШУТИС-ын хамтарсан Утасгүй холбооны хамгийн сүүлийн технологи болох “Интернет протоколд суурилсан хөдөлгөөнт ТВ-ийн цөм технологи” сэдэвт судалгааны төслийн 2 дахь жилийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа есдүгээр сарын тавны өдөр  Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр боллоо. Гэрээнд гурван талын удирдлага, болон төслийн хариуцлагатай гүйцэтгэгч нар гарын үсэг зурав. Өмнөд Солонгосын Электроник холбооны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч, доктор Лии Хо Жин, Мобиком корпорацийн маркетийн асуудал эрхэлсэн дэд захирал Г.Баатаржав, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, МХТС-ийн захирал Б.Сүхбат, Утасгүй холбоо, өргөн нэвтрүүлгийн технологийн багийн тэргүүлэх профессор Б.Отгонбаяр нар оролцож гарын үсэг зурлаа. 
2010 оны 8 сарын 23-нд хийгдсэн гурван жилийн хугацаатай гурван талт хамтын ажиллагааны харилцан ойлголцлын тунхаг бичигийн заалтын дагуу  судалгааны ажлын зорилго нь Интернет протоколд суурилсан хөдөлгөөнт ТВ-ийн үйлчилгээг дараа үеийн өргөн зурвасын утасгүй суурь технологиор хэрэглэгчдэд хүргэх шинэ системийн оновчтой загвар, программ хангамжийг зохиож, турших явдал юм.  Эхний жилийн судалгааны ажлын зорилт бүрэн хэрэгжиж олон улсын төвшинд үнэлэгдсэн бүтээлүүд гарсан байна. 
 
Энэхүү хоёр дахь жилийн төсөл нь эхний жилийн судалгааны үр дүнд тулгуурлан 3GPP/LTE технологийн Хөдөлгөөнт IPTV үйлчилгээний удирдлагын алгоритмыг боловсруулж, түүний үндсэн дээр загвар боловсруулан туршиж,  Хөдөлгөөнт IPTV үйлчилгээний MBS серверийн загвар гарган MBS-GW эмүлэторыг физик болон MAC төвшинд туршиж үр дүнг гаргахад зориулагджээ. 


ЗХШҮГ