Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2011-2012 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 1-нд сургуулийн төв талбайд боллоо. Хичээлийн шинэ жилийн нээлт төрийн дууллаар эхэлж Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Б.Сүхбаатар баяр хүргэж үг хэллээ. Тэрбээр “Мэдлэг оюунд суурилсан эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд шинээр элсэн орсон оюутан та бүхий оруулах хувь нэмэр асар өндөр юм. Ялангуяа шинжлэх ухааны шинэ нээлтүүд, шинэ чиглэлийн ололт амжилтууд хэрэглээнд гарч ирэх магадлал өндөр болж байгаа энэ үед хичээл номоос гадна эрдэм судлалын ажилд хүчин зүтгэж улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Мэдээлэл холбооны шинжлэх ухаан бусад шинжлэх ухааны салбарт хүчтэйгээр нөлөөлж байна. Мэдээлэл холбооны технологийн хөгжлийг эзэмшиж, өөрийнхөө эзэмшсэн мэргэжилтэй хослуулж ашигласнаар инженерийн шинэ шийдлүүд, тодорхой үр дүн гаргах бололцоотой болж байна. Орчин үеийн мэдээлэл технологийг маш сайн эзэмшиж, түүний хөгжлийн шинэ хандлагыг ажиглаж, хэрэглэж яваарай гэж захья. Мөн мэдээллийн технологийн мэдлэгийг олж авахад хэлний мэдлэг маш чухал гэдгийг санаарай. Мэдээллийн зууны энэ эринд өөрт хэрэгцээтэй мэдээллийг маш оновчтой зөвөөр олж авах нь эрдэм сурах хамгийн чухал түлхүүр юм” гэж оюутан залуустаа сургамжит үгээ хэлсэн юм.
 
Хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, сургуулийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирал нар оролцож шинээр элсэн орсон оюутан залуустаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлсэн юм. 2011-2012 оны хичээлийн жилд ШУТИС-д нийтдээ 5900 гаруй оюутан шинээр элсэн оржээ. 
Нээлтийн ажиллагааны үеэр ШУТИС-ийн “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ийн болзол хангасан гурван оюутанд тэтгэлгийг нь гардуулан өглєє. Ректорын нэрэмжит тэтгэлгийг МХТС-ийн Холбооны сүлжээ, холболтын технологийн 4-р курсын оюутан  А.Өлзийсүрэн, УУИС-ийн Уул уурхайн удирдлагын 4-р курсын оюутан А.Чимэдбаатар, ХБС-ийн Техникийн мэргэжлийн орчуулгын 3-р курсын оюутан Ч.Мөнхжин нар хvртсэн юм. ШУТИС-ийн оюутнууд гадаад дотоодын байгууллагуудаас олгодог олон тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр хамрагддаг. Тухайлбал, МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит, “Тоёото-ШУТИС” сан, БНСУ-ын Вуянг нийгэмлэг, Тайваний Засгийн газар, “Сүмитомо” корпорацийн тэтгэлэг, Голомт банк, Хаан банк, Зориг сан, Энержи Ресурс, Оюу толгой төслийн гэх мэт олон тэтгэлэгт хамрагддаг юм. Мөн ШУТИС-ийн Ректорын болон бүрэлдэхүүн сургуулиудын захирлын нэрэмжит тэтгэлгүүдийг оюутнуудад олгож байна. 2011/12 оны хичээлийн жилд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад хамгийн өндөр оноогоор элссэн 13 оюутанд ШУТИС-ийн “Оюутны дэвтэр”-ийг мєн энэ vеэр гардуулав. 
 
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн П.Очирбат удирдах зөвлөлийн гишүүдийг төлөөлөн нийт оюутнуудад шинэ хичээлийн жилийн мэнд дэвшүүлэв. Түүнчлэн нээлтийн ажиллагааны төгсгөлд шинээр элсэн орж буй оюутнууд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Оюутны тангараг” өргөлөө.


ЗХШҮГ