Манай сурагчид бүх оросын өсвөрийн геологичдын хээрийн олимпиадад амжилттай оролцоод ирлээ

Монголын Геологийн холбоо болон Оросын Геологийн холбооны хамтын ажиллагааны гэрээний дагуу ОХУ-д хоёр жил дутам зохион явуулдаг “Өсвөрийн геологичдын хээрийн олимпиад”-д манай орноос 2 дахь удаагаа амжилттай оролцлоо. Энэ олимпиадад байгаль газарзүй, геологи мэрэгжилд сонирхолтой, орос хэл эзэмшсэн хүүхдүүд оролцож авхаалж самбаа, авъяас хүчээ сорьдог.  

Энэ удаагийн тэмцээн нь 7 сарын 28 аас 8 сарын 6 ны өдрүүдэд ОХУ -ын Томск  хотын Богашева сууринд болов. Тэмцээнд 38 баг, 400 орчим хүүхэд 80 гаруй багш, 20 шүүгч оролцсон бөгөөд Оросын олон муж улсаас гадна Монгол, Болгар, Украйн, Казакстан, Узбек зэрэг бусад орнуудаас оролцсон. Монголоос  “Радуга” сургуулийн сурагчид М.Ариунтогос,  Б.Номин,  М Үүрийнтуяа, Х.Мөнхбилгүүн, Э.Батхишиг, Т.Батмөнх, Д.Төгөлдөр мөн Г.В.Плехановын нэрэмжит сургуулийн Б.Болдмаа нар оролцож, ШУТИС- ийн Геологи Газрын Тосны Сургуулийн багш Ё.Мажигсүрэн, Геофизикийн 4-р курсийн оюутан Б.Болдхүү нар хариуцаж ажиллаа.


Тэмцээн нь дотроо конкурс, уралдаан гэсэн хоёр чиглэлтэй явагддаг.

Конкурсын төрөлд Геологийн хэд хэдэн чиглэлийн Гар зураг, Фото зураг, өөрсдийн явж хийж бүтээсэн Геологийн судалгааны тайлан болон тэдгээрээр хийсэн Үзэсгэлэнг тайлбарлах, Илтгэл тавих, Чулуун гар урлал зэрэг төрлүүд байх ба   Геологийн тэмцээний төрөлд Геологийн маршрут, Палеонтологи, Минералоги-петрографи, Геологийн зүсэлт хийх, Геофизик, Гидрологи, Шлих угаах, Хээрийн суурин бэлтгэх, Техник аюулгүй ажиллагаа ба анхны тусламж зэрэг 14 төрлийн  уралдаан боллоо.  


Манай сурагчид дээрх бүх төрлүүдэд амжилттай оролцож Геологийн холбогдолтой Уран зураг, Фото зураг, Чулуун гар урлалаар 2, 3 -р байр, Палеонтологийн тэмцээнд шагналт байр, Геологийн тайлан, Геологийн дурсгалт газрын илтгэлүүдэд шилдэг илтгэгч зэрэг шагналуудыг тус тус авсан. Мөн урлаг, спортын олон арга хэмжээ зохиогдож, Сагсан бөмбөгийн тэмцээнд 1-р байр эзэлж алтан медаль, цомоор шагнуулсан.


ОХУ -ын муж бүхэнд Өсвөрийн геологичдын дугуйлан, хөдөлгөөнүүд тогтмол үйл ажиллагаа явуулдаг баялаг туршлагатай бөгөөд хүүхэд залуучуудад байгаль, эх дэлхийгээ танин мэдэх, хайрлан хамгаалах, цаашдын мэргэжлийн чиг баримжаа олоход чухал ач холбогдолтой юм. Геологийн дугуйланд суралцаж төгссөн олон зуун хүүхдүүд одоо геологийн мэргэжил эзэмшиж эх орныхоо өнцөг булан бүрт амжилттай ажиллаж байгаа сайхан уламжлал нэгэнт тогтсон байна.

Цаашид ийм арга хэмжээг Монгол орондоо хүүхэд залуучуудын дунд зохион байгуулж байх нь геологи, уул уурхайн чиглэл эрчимтэй хөгжиж байгаа манай орны хувьд цаг үеээ олсон зөв арга хэмжээ болох нь дамжиггүй. 


Тэмцээнд оролцох боломжийг олгож зохион байгуулсан Монголын Геологийн холбоо, Оросын Геологийн холбоо, Геологи Газрын тосны сургууль, Геологи Эрдэс баялгийн музей болон аяллын зардлыг ивээн тэтгэсэн “Демон” ХХК –д баярлаж талархсанаа илрэхийлж, та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

ШУТИС. ГГТС. Ё.Мажигсүрэн.

2011 оны 8 дугаар сар 22