ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Боковад ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Бокова 2011 оны 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилж байна.
      Манай улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Бокова 2011 оны 07 сарын 10-нд ШУТИС-д зочиллоо.
ЮНЕСКО-гоос Монгол улсын боловсрол, шинлэх ухаан, соёл урлагийн хөгжил, дэвшилд үзүүлж буй тусламж дэмжлэг, тус байгууллагын Ерөнхий захирал, хатагтай Ирина Боковагийн хүмүүнлэгийн болон дээд боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг хүндэтгэн, өндрөөр үнэлж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Хуралдаанаас ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Боковад ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн байна.

Хүндэт зочныг ШУТИС-д хүрэлцэн ирэхэд орж ирэхэд тус сургуулийн ректор Б.Дамдинсүрэн угтан авч, халуун дотноор мэндчиллээ. Улмаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Боковад ШУТИС-ийн Хүндэт доктор цол олгох ёслолын ажиллагаа тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол улсын БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд болон манай улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарын удирдлагууд, зочид төлөөлөгчид оролцлоо.
ШУТИС-ийн Ректор, профессор Б.Дамдинсүрэн ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Ирина Боковад тус сургуулийн “Хүндэт доктор” цолны тэмдэг, дипломыг гардуулан баяр хүргэж үг хэллээ.

 

Тэрээр хэлсэн үгэндээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захиралд ШУТИС-ийн хүндэт доктор цол олгож байгаа нь тохиолдлын зүйл биш юм. Монгол оронд инженерийн боловсролыг анхлан хөгжүүлэхэд ЮНЕСКО-гоос Мон-1 төслийг амжилттай хэрэгжүүлж, 1969 онд ПДС-ийн (ШУТИС) үндэс суурийг тавьж байсан бөгөөд ШУТИС нь 2000 оны үед ЮНЕСКО-гоос явуулсан судалгаагаар дээд боловсролын өөрчлөлт, шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж буй Азийн 5 их сургуулийн нэгд багтан орж байсан юм гэлээ.
Мөн ШУТИС-ийн профессор, Монгол улсын ерөнхийлөгч асан П.Очирбат Хүндэт доктор Ирина Боковад хандаж баяр хүргэж үг хэлэв. Тэрээр дэлхий нийтийн энэхүү тэргүүлэх байгууллагыг анх удаа эмэгтэй хүн тэргүүлэх болсонд баяр хүргээд ЮНЕСКО их сургуулийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.    
Үүний дараа ЮНЕСКО-гийн ерөнхий захирал, хатагтай Ирина Бокова ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүдэд хандаж үг хэллээ. Хатагтай Ирина Бокова түүнд Хүндэт доктор цол олгосонд гүн талархал илэрхийлээд, шинжлэх ухаан, технологи болон инновац нь илүү тэгш, илүү тогтвортой 21-р зууны үндэс суурь болж байгааг тэмдэглэн хэлэв.

ШУТИС цаашид ЮНЕСКО-той хамтран нээлттэй их сургууль болон хөгжих, сургалтын материалыг нээлттэйгээр олон түмний хүртээл болгох чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцэж байна. Тухайлбал, саяхан ШУТИС, ЮНЕСКО-той хамтран дээд боловсролд мэдээлэл харилцааны шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлээр Олон улсын хурал зохион байгуулсан бөгөөд Монголын нөхцөлд дээд боловсролд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, нээлттэй их сургууль байгуулах талаар ЮНЕСКО-гийн экспертүүд ирж үнэтэй санал зөвлөмжүүд өгчээ. Мөн хурлын үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс ЮНЕСКО-гийн сүүлийн үеийн ном, хэвлэлүүдийг тус сургуулийн номын санд хандивлах ажлыг зохион байгуулж, эдгээр ном хэвлэлүүдээр үзэсгэлэн гаргасан ба улмаар ЮНЕСКО-гийн хэвлэлийн байнгын буланг ШУТИС-ийн Төв номын санд шинээр нээсэн байна.


ЗХШҮГ