ШУТИС-д ЮНЕСКО-ийн ном, хэвлэлийн үзэсгэлэн гарав

ШУТИС, ЮНЕСКО-ийн Боловсролын Мэдээллийн Технологийн Хүрээлэн хамтран зохион байгуулж буй "Дээд боловсролд Мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг нэвтрүүлэх нь" сэдэвт Олон улсын Эрдэм шинжилгээний хурал 2011 оны 7 сарын 8-9-ний өдрүүдэд боллоо.
Энэ хурлыг тохиолдуулан ШУТИС-д ЮНЕСКО-ийн ном, хэвлэлийн буланг шинээр нээж байна.
ШУТИС-иас тус сургуулийн номын санд ЮНЕСКО-гийн ном хэвлэлийн булан нээх талаар тавьсан хүсэлтийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс найрсгаар хүлээн авч, холбогдох дэмжлэг, туслалцаа үзүүлэн ЮНЕСКО болон түүний институтээс эрхлэн гаргасан ном, хэвлэлүүдийг манай номын санд хандивлан бэлэглэсэн юм. Энэхүү хандивласан ном хэвлэлүүдийг олон нийтэд таилцуулах, сурталчлах зорилгоор үзэсгэлэн гаргаж энэ танхимд дэлгэн тавьсан байна.

Энэхүү үзэсгэлэнд сүүлийн үеийн ЮНЕСКО-гийн бодлогын баримт бичгүүд, статистикийн тоон эмхэтгэлүүд, боловсролын мэдээлэл, судалгааны ном хэвлэлүүд, лавлах материалууд, мөн түүнчлэн техник технологи, нанотехнологи, мэдээлэл харилцаа холбоо, инновацийн чиглэлийн гэх мэтчилэн нийт 391 нэр төрлийн 500 гаруй ном, гарын авлага, сургалт судалгаа арга зүйн лавлах, танилцуулах материал, нэвтэрхий толь бичгүүд болон 100 гаруй танин мэдэхүйн CD, DVD-ийг англи, орос хэл дээр дэлгэн тавьсан байна.

 

ЮНЕСКО-ийн Ном хэвлэлийн Буланг байгуулж байгаатай холбоотойгоор цаашид ч ЮНЕСКО болон түүний салбар хүрээлэнгүүдээс гаргаж хэвлүүлсэн ном, хэвлэлүүдийг номын сандаа тогтмол хүлээн авч олон нийтийн хүртээл болгож байх юм.
Эдгээр ном, хэвлэлүүд Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын Сангийн сан хөмрөгт хадгалагдан нийт уншигчид төдийгүй бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын профессор багш, судлаач нарт ямагт нээлттэй байх болно.


ЗХШҮГ