"Дээд боловсролд мэдээлэл, харилцаа, холбооны шинэ технологийг нэвтрүүлэх нь" (EICTHE-2011) сэдэвт Олон улсын хурал болов

Шинжлэх ухаан, технологийн их сургүуль ба ЮНЕСКО-гийн Боловсрол дахь Мэдээллийн Технологийн Хүрээлэн хамтран 2011 оны 7 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд "Дээд боловсролд Мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг нэвтрүүлэх нь" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тус сургууль дээр зохион байгуулав.

Энэхүү хурал нь дээрх чиглэлээр Монгол улсад зохион байгуулагдаж буй анхны Олон улсын томоохон хурал болж байгаагаараа онцлог үйл явдал болж байна.
Энэхүү олон улсын хурлаар бид дээд боловсролын салбарт мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг нэвтрүүлэх, е-сургалт болон зайн сургалтын чиглэлээр олон улсын туршлагатай танилцах, монголын дээд боловсролд мэдээллийн технологийг нэвтрүүлж байгаа асуудалд зөвлөмж өгөх, cloud computing, хөдөлгөөнт сургалт (mobile learning), сургалтын нээлттэй материал (open educational resources) боловсруулж хэрэгжүүлэх зэрэг дэвшилтэт шинэ технологийн олон асуудлуудыг хөндөн хэлэлцлээ.

 

Тус хуралд Англи, Франц, ОХУ, Хятад, Япон, Солонгос, Тайван зэрэг гадаадын 7 орны эрдэмтэн судлаачдын 10 гаруй илтгэл, манай улсын БСШУЯ, МШХХТГ болон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүд, профессор багш нар, судлаачдын 30 орчим илтгэлийг үндсэн болон секцийн салбар хуралдаануудаар сонсож хэлэлцэв. Энэ хуралд ЮНЕСКО-гийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий 5 эксперт тус байгууллагын шугамаар хүрэлцэн ирж оролцсон юм.

 

Тус хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, ШУТИС-ийн Ректор, профессор Б.Дамдинсүрэн, ЮНЕСКО-гийн ОХУ дахь суурин төлөөлөгчийн газрын захирал, ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн Технологийн Хүрээлэнгийн захирал Д.Бадарч, ЮНЕСКО-гийн Бээжин дэх суурин төлөөлөгчийн газрын захирал, профессор А.Сингх нарын албаны хүмүүс, Францын Зайн сургалтын төвийн захирал, профессор Бернард Корну, Английн Нээлттэй их сургуулийн дэд захирал Доминик Ньюбулд, Солонгосын их сургуулиудын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Дае Жүн Хван, Хятадын Бээжингийн Жиатон их сургуулийн профессор Жианжун Ча, Японы Ахисан түвшиний их сургуулийн профессор Тошио Кобояаши нарын ЮНЕСКО-гийн экспертүүд, Москвагийн Бауманы техникийн их сургуулийн проректор С.В.Коршунов, Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургуулийн прорекгор Ю.Ф.Телнов нарын зэрэг өндөр түвшний мэргэжилтнүүд, судлаачид оролцож илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

 

Энэ хурал нь ШУТИС-ийн сургалт, судалгаа, инновацийн ажлыг хөгжүүлэхэд, мөн их сургуулийн үйл ажиллагаанд мэдээлэл харилцаа, холбооны шинэ технологийг нэвтрүүлэхэд болон одоо хэрэгжүүлж буй Е-сургалтын ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой хурал боллоо. Хурлаас гаргах ерөнхий зөвлөмж нь тус их сургуулийн төдийгүй дотоод, гадаадын бусад их дээд сургуулийн хөгжилд үр нөлөө үзүүлэхүйц баримт бичиг болно.

Энэхүү олон улсын хурлыг хамтран зохион байгуулж, оролцохоор ЮНЕСКО-гийн Боловсрол дахь Мэдээллийн Технологийн Хүрээлэнгийн захирал, ЮНЕСКО-гийн ОХУ дахь суурин төлөөлөгч, ШУТИС-ийн ректороор ажиллаж байсан доктор, профессор Д.Бадарч хүрэлцэн иржээ.
"Дээд боловсролд Мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг нэвтрүүлэх нь" сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал ШУТИС дээр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.


ЗХШҮГ