ШУТИС-ийн гадаад хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх арга зам

ШУТИС-ийн Хэлний боловсролын сургууль 20 жилийн ойгоо угтан   “ШУТИС-ийн гадаад хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх арга зам” сэдэвт сургалт-семинарыг  2011 оны 4 сарын 7-8-нд Дархан-Уул аймаг дахь технологийн сургуультай хамтран зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ХБС-ийн Англи хэл судлалын профессорын баг, Орос судлалын профессорын баг, АНУ-ын англи хэлний мэргэжилтэн Колин Ларж, Сара Ларж, Солонгосын Сүн Чинг Хянг их сургуулийн профессор Ким Хун Жин мөн  КТМС, МХТС, МИС, ҮТДС, Орхон аймаг дахь технологийн сургууль, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, профессор, багш нийт 30 гаруй хүн  оролцлоо.

            Энэхүү сургалт-семинарын үеэр Орос, Англи хэлний профессорын багийн тэргүүлэх профессор Г.Туяа (Ph.D), С.Дугармаа (Ph.D)  нар ШУТИС-ийн нийт  салбар сургуулиудын оюутнуудын 2007-2008, 2008-2009, 2009-2010 оны хичээлийн жилд орос, англи хэлээр үзүүлсэн амжилтанд /дүнд/ хийсэн дүгнэлтийг танилцуулсан ба оюутны бие даалтын ажлыг мэдээллийн технологид тулгуурлан зохион байгуулах асуудал А.Навчаа (Ph.D) /КТМС, оюутны англи, орос хэлний мэдлэг, чадварыг үнэлэх, дүгнэх зарчим Г.Баярмаа  /МХТС/, хичээллийн хөтөлбөр, төлөвлөлт, сургалт зохион байгуулалт С.Сарантуяа /МИС/, сурах бичиг ба хичээлд ашиглах материал Б.Соёлсүрэн (Ph.D) /ҮТДС/, мэргэжлийн англи, орос хэлний хичээлийг зохион байгуулах арга туршлагаас Ч.Даариймаа, Ч.Эрдэнэсувд /ЭрдэнэтТС/, ONLINE–аар хичээл заах аргазүйн асуудал Д.Баясгалан (Ph.D)/Дархан ТИС/ нар тус тус илтгэл  хэлэлцүүлэв.

            Арга хэмжээнд оролцогчид  2011-2013 онд гадаад хэлний хичээллийн хөтөлбөр, төлөвлөлт, сургалт зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах,  оюутны бие даалтын ажлыг мэдээллийн технологид тулгуурлан зохион байгуулах,  сурах бичиг ба хичээлд ашиглах материал,  оюутны мэдлэг, чадварыг үнэлэх, дүгнэх зарчимд өөрчлөлт оруулах, зарим түвшний хичээлийг /магистр, доктор/ ONLINE –аар заах нь ойрын хугацаанд шийдэх шаардлагатай асуудлууд болохыг   тэмдэглэв.

Сургалт-семинарын үеэр ХБС-ийн мэргэжилтэн багш Колин Ларж “Encouraging Independent Learning” сэдвээр, “Improving Language Education Suggestions from the Outside” сэдвээр Боловсролын зөвлөлгөө мэдээллийн төвийн ажилтан Сара Ларж, “Солонгосын их дээд сургуулиудад гадаад хэлний сургалт зохион байгуулж байгаа арга, туршлагаас” сэдвээр   Солонгосын  Сүн Чинг Хянг их сургуулийн профессор  Ким Хун Жин (Ph.D) нар  илтгэл тавьж  хэлэлцүүлэг зохион байгуулсан нь  манай багш нарт туршлага судлах  боломж олгосон ажил боллоо.