Шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ”-ИЙН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД” амжилттай явагдаж өндөрлөв.

ШУТИС, Компьютерийн техник, менежментийн сургууль Монголын Маркетингийн Холбоотой  хамтран  эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд  Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ”-ийн улсын анхдугаар  олимпиадыг 2011 оны 3-р сарын 30-наас 4-р сарын 8-ны хооронд хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулав.

Олимпиадын эхний шатнаас шалгарсан  КтМС, МУИС, СЭЗДС, ХААИС зэрэг сургуулиудын  6 баг олимпиадын ерөнхий ивээн тэтгэгч “АПУ” ХК – наас өгсөн практик даалгаврыг гүйцэтгэж, онолын мэдлэгээ практикт ашиглах ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ харуулсан юм.

Олимпиадын шалгаруулалтын нэгдсэн дүнгээр  багийн дүнгээр тэргүүн байрт – МУИС – ийн ЭЗС - ийн “MADE IN NUM” баг,  дэд байрт СЭЗДС – ийн “SYNERGY” баг, гутгаар байрт МУИС – ийн ЭЗС – ийн ”GRIFFIN” баг, хувийн дүнгээр тэргүүн байрт – СЭЗДС – ийн оюутан Н. Цэнгэл, дэд байрт МУИС – ийн ЭЗС - ийн оюутан Х. Цэнд, гутгаар байрт МУИС – ийн ЭЗС – ийн оюутан Э. Балжинням, тусгай байрт  МУИС – ийн ЭЗС – ийн оюутан Х. Золбаяр, СЭЗДС – ийн оюутан С. Мэнд – Амар нар тус тус шалгарлаа.

Мөн энэ үеэр  эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадорж агсаны   гэр бүлээс  уг олимпиадад бусдаас ялгарч, амжилт гаргасан онцлох оюутнаар  ШУТИС, Компьютерийн техник, менежментийн сургуулийн оюутан Ю. Энхзоригийг тодруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Олимпиадад баг амжилттай удирдсан шилдэг  багшаар МУИС – ийн ЭЗС – ийн багш  Ц. Цолмон, Ч. Батбаатар, СЭЗДС – ийн багш Э. Одонтамир нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв.

Түүнчлэн олимпиадыг зохион байгуулах хорооноос уг олимпиадын үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлсэн байгууллага, хамт олон болон нийт оролцсон багуудад халуун талархал илэрхийлж,  ерөнхий ивээн тэтгэгч  “АПУ” ХК,  ивээн тэтгэгч “Улсын драмын эрдмийн театр”, “MMCG” групп, “Чоно” групп, мэдээллийн ивээн тэтгэгч  “NTV”  телевиз зэрэг байгууллагуудад “БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИГЧ - БАЙГУУЛЛАГА” хүндэт өргөмжлөл гардуулсаны зэрэгцээ нийт оролцсон багуудад “ДУРСАМЖ” олгосон байна.

Доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ”-ИЙН УЛСЫН АНХДУГААР ОЛИМПИАД” - д эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг төр болон хувийн хэвшлийн 10 их дээд сургуулиудаас 15 баг, 75 оюутан оролцсон бөгөөд  энэхүү арга хэмжээ нь зохион байгуулалтын хувьд шинэлэг, хөрвөх чадвартай шилдэг маркетерүүдийг бэлтгэх үйл хэрэгт зах зээлд манлайлагч, шилдэг маркетингтай бизнесийн томоохон байгууллагуудын анхаарлыг хандуулж, тэдний дэмжлэг туслалцааг авч чадсанаараа онцлог, ач холбогдолтой боллоо.